Австралийн баруун эрэгт сэрвээт халим олноороо шидэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
КАНБЕРРА. /ВВС/. Баруун Австралийн эрэгт шидэгдсэн 50 гаруй сэрвээт халим үхэж, эрх бүхий байгууллагынхан үлдсэн олон арван халимыг аврахаар ажиллаж байна.
Халимнууд эрэг дээр шидэгдэж эхэлмэгц зэрлэг ан амьтдыг хамгаалах байгууллагынхан аврахын тулд яаралтай арга хэмжээ авч эхэлжээ.
Мягмар гарагт нэг шөнийн дотор 51 халим үхэж, амьд үлдсэн 46 халимыг лхагва гарагт далайд гаргахаар оролдож байна.
Австралийн эрэгт сэрвээт халим шидэгдэх нь түгээмэл байдаг бөгөөд 2022 онд Тасманийн эрэгт 230 халим, 2018 онд 150 халим Баруун Австралид шидэгдэж байжээ.