Эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит дэмжлэг үзүүлсэн Япон Улсын Засгийн газарт талархав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "КОВИД-19” халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх Буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хаалтын ёслолын ажиллагааг ХӨСҮТ-д 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулав.
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас коронавируст цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газарт “КОВИД-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 883 сая иенийн буцалтгүй тусламжийг 2022 оны 7 дугаар сард олгохоор шийдвэрлэсэн.
Буцалтгүй тусламжийн хүрээнд “КОВИД-19” цар тахлын эсрэг эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг дэмжих зорилгоор эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл болох 2 ширхэг бүрэн геномын шинжилгээ хийх аппарат болон урвалж, 500,000 SARS-CoV-2-ын антигенийг илрүүлэх түргэвчилсэн оношлуур, 548 ширхэг зөөврийн компьютер, 150,000 ширхэг тариурын аюулгүйн хайрцаг, 60 ширхэг зөөврийн хөлдөөгч, 500 ширхэг спирометр болон дагалдах хэрэгсэл, вакцин тээвэрлэх зориулалт бүхий суудлын болон ачааны автомашин зэрэг Япон Улсад үйлдвэрлэсэн 9 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийг хүлээн авч Монгол Улсын 21 аймаг, 331 сум, 9 дүүрэг, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэшлийн төвүүдэд өнгөрсөн хугацаанд нийлүүлсэн болохыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Төгсдэлгэр онцгойлон тэмдэглэв.
Мөн тэрбээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үнэтэй хөрөнгө оруулалтыг хийж эрүүл мэндийн салбарын хөгжилд бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн Япон Улсын Засгийн газар, Японы татвар төлөгч ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
ЖАЙКА-Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Танака Шиничи Япон-Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хүн ардын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.
Ёслолд Япон Улсын ЭСЯ-ны дэд тэргүүн ноён Кикүма Шигэрү, ЖАЙКА-Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Танака Шиничи болон бусад албаны төлөөлөл оролцов.