Мишель Платини: Миний оюун ухаан эрүүл саруул байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-09-15 09:48:29

ПАРИС. /BBC/. УЕФА-гийн Ерөнхийлөгч асан Мишель Платини Европын хөлбөмбөгийн удирдах байгууллагад хандаж хэлсэн үгэндээ “Миний оюун ухаан эрүүл саруул байна” гэжээ.

Өдгөө 61 настай М.Платиниг 1.3 сая фунтын стерлингийн хахууль авсан нь ёс зүйн дүрмийг зөрчсөн хэрэг гэж үзэн хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцохыг нь өнгөрсөн жилээс хойш хориглосон билээ. Лхагва гарагт Афинд болсон хурлын үеэр дэлхийн хөлбөмбөгийн удирдах байгууллага болох ФИФА-гаас М.Платинид үг хэлэх зөвшөөрөл олгосон байна.

Уг хурлын үеэр түүнийг орлох УЕФА-гийн дараагийн ерөнхийлөгчийг сонгосон юм.

“Би өчүүхэн ч буруу зүйл хийгээгүй гэдэгтээ итгэлтэй байна. Би хуулийн дагуу тэмцлээ үргэлжлүүлэх болно. Миний оюун санаа эрүүл байгаа гэдгийг хэлье" гэж М.Платини хэлжээ.

Европын хөлбөмбөгийн удирдах байгууллага болох УЕФА-гийн шинэ Ерөнхийлөгчөөр Александер Чеферин сонгогдсон байна. Словенийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн А.Чеферин Афинд болсон УЕФА-гийн их хурлын үеэр 42 санал авсан нь Нидерландын Хөлбөмбөгийн холбооны  тэргүүн Майкл ван Прааг-ийн авсан саналын тооноос даруй 29-ээр илүү байжээ.

А.Чеферин нь М.Платинигийн хашиж байсан албан тушаалыг 2019 он хүртэл гүйцэтгэх юм. “Энэ үнэхээр нэр төрийн хэрэг бөгөөд асар их үүрэг хариуцлага юм” гэж тэрбээр  хэлжээ.

Х.Сарнай

 

Связанные новости