Бангкокт “Формула-1”-ийн уралдааныг зохион байгуулахыг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-06-17 17:59:20

БАНГКОК, 2025 оны зургаадугаар сарын 17 /AFP/. Формула-1” авто уралдааныг Бангкок хотын гудамжнуудад зохион байгуулах тухай засгийн газрын хүсэлтийг Тайландын Сайд нарын танхим мягмар гарагт албан ёсоор баталжээ. Ингэснээр уг уралдааныг зохион байгуулахад нэг алхам ойртсон байна.


Ойролцоогоор 1.2 тэрбум ам.долларын өртөгтэй уг хүсэлтийг спортын удирдах байгууллагууд тохиолдолд Тайландын нийслэлд 2028-2032 онд уралдааныг зохион байгуулах төлөвтэй байна. Тайландын Ерөнхий сайд Петхонгтан Чинаватра уг төслийг урагшлуулахын тулд сүүлийн саруудад Формула-1” группийн гүйцэтгэх захирал Стефано Доменикалитай олон удаа уулзсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн сард Монакод уулзжээ.


Бангкокт уралдаан явуулах замын схем зургийг хараахан танилцуулаагүй байгаа боловч засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Жираю Хунгсубын хэлснээр, амралтын өдрүүдээр жуулчдыг ихээхэн татдаг хотын хойд хэсгийн Чатучак захын ойролцоох бүс багтаж магадгүй байна.


Тайландын засгийн газар уралдааныг байгаль орчинд ээлтэй байдлаар явуулах санааг сурталчилж, гран-при тэмцээн нь хаант улсад 600 сая ам.долларын үр өгөөжийг авчирна гэж мэдэгдэж байгаа ажээ. Формула-1-ийн 24 уралдааны хуваарийн ихэнх нь олон жилийн хугацаатайгаар батлагдсан байдаг боловч хуваарьт өөрчлөлт оруулах боломж нээгдэх төлөвтэй байгаа бөгөөд С.Доменикали Тайландыг нэгэн өрсөлдөгч болж магадгүй хэмээн хэлж байжээ.


Формула-1 одоогоор Зүүн Өмнөд Азид нэг уралдааныг Сингапурт зохион байгуулж байгаа юм. Сингапурт халуун, чийгшил ихтэй тул улирлын хамгийн хүнд уралдаануудын нэгд тооцогддог. Одоогоор “Формула-1”-д Тайландын цорын ганц урар оролцож байгаа нь Уильямс багийн гишүүн, Лондонд төрсөн Алекс Албон юм.



Связанные новости