“iPhone 15” гар утсыг Энэтхэгт үйлдвэрлэж эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-08-17 14:51:54

ШИНЭ ДЕЛИ. /CNBC/. Америкийн “Apple” компанийн ханган нийлүүлэгч “Foxconn” компани үйлдвэрлэлээ Хятадаас өөр улсад төрөлжүүлэн явуулах зорилгоор “iPhone 15” гар утсыг Энэтхэгт үйлдвэрлэж эхэлж байгаа тухай “Bloomberg” агентлаг лхагва гарагт мэдээллээ. 


Foxconn” компанийн Сриперумбудур хот дахь үйлдвэр нь Хятадад төвтэй үйлдвэрүүдээсээ эд ангиудаа татан авч эхэлснээс хойш хэдэн долоо хоногийн дараа гар утаснуудаа үйлдвэрлэхэд бэлэн болжээ. 


АНУ, Хятадын харилцаа хурцадсаар байгаагаас үүдэн “Apple” компани нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхийг зорьж буй юм. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой энэ онд Цагаан ордонд уулзсаныхаа дараа “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Кук “CNBC” телевизэд ярилцлага өгөхдөө, Энэтхэгт “асар том боломж” байгааг онцолж байв.


АНУ-ын хоёр намын зүгээс Хятадын Засгийн газарт үл итгэх хандлага гаргаж байгаа энэ үед Ж.Байдены засаг захиргаа Хятад руу чиглэсэн чухал технологиуд ба хөрөнгө оруулалтыг хязгаарлах шийдвэрийг гаргаад байгаа билээ. Хятад улс ч мөн Америкийн зарим төрлийн хагас дамжуулагчийн борлуулалтад хязгаарлалт тавьсан юм.


Apple саяхнаас Энэтхэгт iPhone гар утасны үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, өнгөрсөн санхүүгийн жилд тэнд 7 тэрбум гаруй ам.долларын үнэ бүхий гар утас угсарсан гэж Bloomberg өмнө нь мэдээлжээ. Apple компани iPhone гар утасныхаа 7 орчим хувийг Энэтхэгт үйлдвэрлэж байгаа тухай дөрөвдүгээр сард мэдээлж байв. Үүнээс өмнө Энэтхэгт iPhone-н угсралт Хятадынхаас 6-9 сараар хоцорч байсан боловч одоо энэ зөрүү мэдэгдэхүйц багассан тухай Bloomberg”-ийн мэдээнд дурджээ.  


Apple жил бүрийн есдүгээр сард уламжлал ёсоор зохион байгуулдаг арга хэмжээнийхээ үеэр iPhone-н шинэ загваруудаа танилцуулдаг. Энэ жилийн бүтээгдэхүүнүүдэд гарах шинэчлэлтийн хувьд гэвэл, камерыг нэлээд сайжруулсан ба Pro загварууд сайжруулсан процессортойгоор худалдаанд гарах төлөвтэй байна. 


Түүнээс гадна, “Tata группийн худалдаж авсан Pegatron”, “Wistron үйлдвэрүүд удахгүй Энэтхэгт iPhone 15-г угсарч эхэлнэ гэж дээрх мэдээнд дурджээ. Харин “Pegatron” энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.

 


Связанные новости