ДУНДГОВЬ: Мал үржлийн алба 100 жилийн түүхэн амжилтаа тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-08-21 16:53:30
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн мал зүйн салбарт ажиллаж асан үе үеийн ахмадууд, малын эмч, зоотехникч, ХАА-н салбарын ажилтнууд Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэй Мал үржлийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн амжилтаа тэмдэглэлээ.


Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Адаацаг сумын хоньчин, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Дашзэвгэ, Монгол Улсын зөвлөх, мал аж ахуйн хүндэт профессор, гавьяат мал зүйч Ж.Очир, ХАА-н гавьяат ажилтан Д.Сумьяасүрэн болон үе үеийн мал зүйчид, малын эмч, зоотехникч 150 гаруй хүн оролцжээ.


Аймгийн ХХААГ, Мал үржлийн албанаас түүхэн ойдоо зориулж, тус салбарын түүхэн амжилтыг эмхэтгэн “Дундговь аймгийн мал зүйчид” ном бүтээсэн байна.


Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1942 оны хуралдааны шийдвэрээр Дундговь аймаг байгуулагдсан энэ үед тус аймагт Мал үржлийн алба байгуулагджээ. Энэхүү түүхэн хугацаанд тус аймаг малын чанар, үүлдэр угсааг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч, олон жилийн туршилт, судалгааны үр дүнд хурд-махны чиглэлийн “Өндөршил” омгийн адуу, мах-ноос-өөхний чиглэлийн “Сайнцагаан” омгийн хонь, мах-ноос-уналгын “Олдохын хүрэн бор” тэмээний омог батлуулж, “Сайнцагаан” омгийн хонинд зохиомол хээлтүүлэг хийх, бод, бог малын төл дээр битүү хөнгөлгөөний аргыг туршин таваарлаг байдлыг нэмэгдүүлэх зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй олон туршилтыг хийж байна.


Түүнчлэн Баянжаргалан сумын мухар улаан үхрийн суурь дээр түшиглэн Дорнодын мухар улаан үүлдрийн бухаар хээлтүүлж, ашиг шимийг нэмэгдүүлэх туршилт хийж, Малын удмын сангийн үндэсний төвд “Сайнцагаан” омгийн хуц, монгол үүлдрийн хуцнаас үр авч хадгалуулсан байна. 




Связанные новости