Монголыг анхан шатны тусламж үйлчилгээний жишиг орноор танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2023-08-25 11:27:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др. Жужанна Якабыг хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өөрийн улсын эрүүл мэндийн тогтолцоо, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл өгөхдөө Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахын тулд маш их хүчин чармайлт гаргах шаардлагатай зарим чиглэлийг онцлон танилцуулсан юм.


Тэрбээр “Манай улсад эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээний хамралтын хувь 2020 оны байдлаар 67, халдварт өвчин, нэн ялангуяа 100 мянган хүнд ногдох сүрьеэгийн өвчлөлийн түвшин 2022 оны байдлаар 70 байна. 2021 онд олон эмэнд дасалтай сүрьеэ өвчний дарамт ихтэй 30 улсын нэг болж, өнгөрсөн онд бүртгэгдсэн сүрьеэгийн шинэ тохиолдлын 2,8 хувь нь нас барсан зэрэг харамсалтай үзүүлэлт байгаа тул сүрьеэ өвчний илрүүлгийг эрчимжүүлэх, эрүүл мэндийн анхан шатны байгууллагад сүрьеэг оношилдог болох хэрэгцээ бий” гэлээ.


Дараагийн шатлалын эмнэлэг рүү сорьц тээвэрлэх, өвчтнийг илгээх нь өвчнийг оношлохгүй байх нөхцөл бүрдүүлдэг тул 333 суманд уушгины зөөврийн, хэрэглэхэд хялбар дижитал рентген аппараттай болоход санхүүгийн болон мэргэжил арга зүйн дэмжлэг хэрэгтэй байгаа. Мөн манай улсын 30-70 насны хүн амын зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчнөөр нас барах магадлал 35 хувь, зам тээврийн ослын шалтгаант нас баралтын түвшин 100 000 хүнд 21 байгаа нь Ази, Номхон далайн бүсийн улсууд дунд гуравдугаарт орж байгаад дүгнэлт хийж, хүн амд эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгав.


Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг шинээр боловсруулж УИХ-ын намрын чуулганаар батлуулахыг зорьж байгаа бөгөөд хууль батлагдсанаар хяналт, тандан судалгааны санхүүжилтийг улсын төсвөөс олгох зохицуулалт хийгдэхийг дурдаад, цаашид иргэдээ өвчнөөс урьдчилан сэргийлэх Хяналт тандалтын төвийг олон улсын жишгийн дагуу байгуулах шаардлага тул энэ тал дээр ДЭМБ-тай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Улмаар нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг Номхон далайн баруун бүсийн төвд болон ДЭМБ-ын хамтын ажиллагаатай шилдэг төвүүдэд сургахад анхаарал хандуулахыг хатагтай Жужанна Якабт уламжиллаа. 



ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др.Жужанна Якаб, энэ удаагийн чуулганаар хэлэлцсэн асуудлууд болон ДЭМБ-ын ерөнхий захирал Др.Тедросын Монгол Улсад айлчлах үеэр ярьж тохирсон ажлыг хэрэгжүүлэхэд анхаарахаа илэрхийлэв. Тэрбээр “Хүн ам цөөн, тархмал суурьшсан Монгол Улсын эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ өөрийн гэсэн тогтолцоотой болсныг чуулганд оролцогчид сайшааж, уг тогтолцоог олон улсын түвшинд танилцуулах нь чухал гэсэн байр суурь илэрхийлсэн. Иймд 10 дугаар сард Астана хотноо болох Олон улсын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсыг жишиг загвар орон болгон танилцуулахаар шийдсэн. Тиймээс төвөөс алслагдсан өрхийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг мобайл технологи ашиглан хэрхэн үзүүлж байгаа болон хөдөө орон нутагт эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж үйлчилгээ, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой” хэмээжээ.


Хатаггтай Жужанна Якаб уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайдын тавьсан хүсэлтийн дагуу багийн эмч нарыг мобайл технологи ашиглан иргэдэд үзлэг оношлогоо хийх боломжтой явуулын багцаар хангах асуудал шийдэгдсэн таатай мэдээг дуулгаад, урьдчилан сэргийлэх, тандалт сэргийлэлтийн төвтэй болохыг дэмжих боломжтой гэсэн юм.


ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хувьд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн загварыг төлөвшүүлэх, мэдээллийн дата боловсруулалт, дүн шинжилгээ хийх ажлыг зөвлөгөө арга зүйгээр дэмжих, сүрьеэгийн илрүүлэлтэд шаардлагатай зөөврийн рентген аппаратаар сумдыг хангах, эмийн чанарын хяналтын лабораторитой болох, эмийн үнэ, чанартай холбоотой асуудлыг шийдэх, эмч, мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах, халдварт бус өвчнийг бууруулах, эрүүл мэндийн татварын тогтолцоог бүрдүүлэх, орчны эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжтойг хэллээ.


Уулзалтын төгсгөлд хатагтай Жужанна 10 дугаар сард болох Астанагийн олон улсын дээд хэмжээний уулзалт, Манилад болох ДЭМБ-ын Бүсийн гүйцэтгэх хорооны хуралд оролцохыг Эрүүл мэндийн сайдаас хүссэнийг ЭМЯ мэдээлэв. 

Связанные новости