ӨМНӨГОВЬ: Төсөлд шалгарсан нэг ААН-д эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр зээл олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад /МОНЦАМЭ/. “Цэмцгэр Даланзадгад” дэд хөтөлбөрийн хүрээнд орон нутагт оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн дунд даавуун торны хэрэглээг нэмэгдүүлэх төслийн уралдааныг зохион байгуулж байна.
“Даавуун торны хэрэглээг нэмэгдүүлэх төсөл”-ийг 2023 оны 8 дугаар сарын 25-наас 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл зохион байгуулж төслийн материалыг хүлээн авах юм.
Тус төсөлд хамрагдах аж ахуйн нэгж, байгууллагууд
Даланзадгад сумын хэмжээнд сүүлийн 12 сарын хугацаанд тогтмол үйл ажиллагаа
явуулсан байхаас гадна төслийн хугацаа дууссан ч цаашид үйл ажиллагаагаа урт
хугацаанд хэрэгжүүлэх, тоног төхөөрөмж болон хүний нөөцөөр бүрэн хангагдсан
байх зэрэг тодорхой шаардлагуудыг хангасан байх бөгөөд нэг аж ахуй нэгжийг шалгаруулан эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 15 сая төгрөгийн
санхүүжилтийг олгох ажээ.
Төсөлд ирүүлсэн материалыг ажлын баг шалгууруудад үндэслэн судалж бичиг баримтын сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуй нэгжүүдийн
үйл ажиллагаатай биечлэн танилцаж, 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дотор дүгнэн, шалгарсан нэг аж ахуй нэгжтэй хоёр жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээг байгуулна.
Төсөл амжилттай
хэрэгжсэнээр байгальд олон зуун жилээр задралгүй хадгалагдаж газрын хөрсөнд хор
хөнөөл учруулахаас гадна хүний амь насанд ч хортой бодис ялгаруулдаг гялгар торны
хэрэглээг бууруулж байгальд ээлтэй, урт хугацаанд хэрэглэж болохуйц давуун торны
хэрэглээг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.