"Меранти" хар салхины улмаас хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-09-16 12:45:20

ФҮЖОУ. /Xinhua/. Пүрэв гарагт “Меранти” хар салхи дайран өнгөрсний дараа Хятадын зүүн нутгийн Фузень мужийн Сямэнь хотод ширүүн бороо оржээ.

“Меранти” бол энэ онд дэгдсэн хар салхинуудаас хамгийн хүчтэй нь бөгөөд 1949 оноос хар салхины талаарх мэдээллийг бүртгэж эхэлснээс хойших хугацаанд Фузень мужийг дайран өнгөрсөн хамгийн хөнөөлт хар салхи юм. Салхины хүч 48 м/с-ийн хурдтай байжээ.

Энэ хар салхи моддыг үндсээр нь булгалснаас гадна байшин барилгын цонх хагарч, олон айл өрхийн ус болон гэрэл цахилгаан тасарсан байна. Фузень мужид 3.2 сая гаруй айл гэрэлгүй болжээ. Зөвхөн пүрэв гарагийн орой гэхэд 1.44 сая айл өрх цахилгаангүй байжээ.

Мөн үерийн улмаас Ёнчунь хошууны 871 жилийн өмнө барьсан гүүр эвдрэн нуржээ. Сүн гүрний үед 1145 онд баригдсан Дунгуань гүүрийг түүх соёлын үнэт өвийн жагсаалтад оруулсан байсан юм.

Түүнчлэн Фузеньд хар салхины улмаас 32 мянган гаруй завь эрэгт шидэгдсэн байна. Энэ мужийн 300 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Энэ хар салхи нь Жөзян мужийг мөн дайран өнгөрч, аадар бороо орсны улмаас 63 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

“Меранти” хар салхи нэг хүний аминд хүрсэн бол 51 хүн гэмтэж бэртжээ.

Өндөр хурдны галт тэрэг болон агаарын тээврийн үйлчилгээг түр зогсоожээ.

Бямба гарагийг хүртэл Хятадын урд болон зүүн нутгийн мужуудад хар салхины улмаас ширүүн бороо орох төлөвтэй байгаа учир хөрсний нуралт үүсч болзошгүй гэдгийг ард иргэдэд анхааруулж, сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.

Г.Доржханд

 

 

Связанные новости