Хятадын баг 191 медальтайгаар тэргүүлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразил улсын Рио-де-Жанейро хотод болж буй Паралимпын тоглолтын 8 дахь өдөр БНХАУ-ын тамирчид 19 медаль, түүний дотор 9 алт медаль авснаар албан ёсны бус багийн дүнгээр тэргүүн байраа хадгалсан хэвээр байна.
8 дахь өдрийн байдлаар Хятадын тамирчид нийтдээ 84 алт, 66 мөнгө, 41 хүрэл медаль хүртээд байгаа юм. Тэдний хувьд 2012 оны Лондонгийн Паралимпод 231 медаль /95-71-65/ авч байжээ.
Хоёрдугаар байрт 48 алт, 28 мөнгө, 31 хүрэл медальтайгаар /нийт 107 медаль/ Их Британийн тамирчид явж байна. Гуравдугаарт 92 медаль /35-27-30/ хүртсэн Украины шигшээ баг бичигджээ. АНУ-ын тамирчид 89 медаль /30-33-26/ авснаар дөрөвдүгээрт орсон бол айргийн тавд 60 медаль /14-24-22/ хүртсэн Австрали улсын баг багтлаа.
“Рио-2016” Паралимпын тоглолтын хаалтын ёслол 9 дүгээр сарын 18-нд болно.
Х.Сарнай