ХЭНТИЙ: “Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-ийг Бэрхэд байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-09-07 17:20:15
Бэрх /МОНЦАМЭ/. “Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-ийн төслийн удирдах хороо Бэрх хотод энэ сарын 1-нд хуралджээ. 

Тус хуралдаанаар төслийн эхний шатны ажлын гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгөх, төслийн хэрэгжилт цаашид тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, тус төвийг ашиглалтад оруулах цаашдын менежмент, ашиглагч байгууллагын талаар санал солилцох, эхний шатны бүтээн байгуулалтын нээлт хийх хугацаа товлох талаар хэлэлцсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 25 хуралдааны тэмдэглэл, УУХҮ-ийн сайдын А/158 дугаар тушаалаар "Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа аялал жуулчлалын төв" төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулан, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна. Тус төвийг Монгол Улсад уул уурхайн хаалтын менежментийн жишиг тогтоох, хаагдсан уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхайн салбарын мэргэжлийн боловсон хүчин, оюутан залуучуудад сургалт судалгааны бааз, аялал жуулчлалын төв байгуулах зорилгоор ашиглах юм.

Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дахь Бэрх хотыг Монголын анхны өнгөт металийн уурхайд түшиглэн 1954 онд байгуулжээ. Бэрхийн уурхай нь ил, далд жонш, алтны 20-иод салбар уурхайтай бөгөөд тэдгээрийн хамгийн том бөгөөд анхных нь болох 1954 оноос ашиглаж эхэлсэн Бэрх орд уурхайн нөөц 1994 онд дуусаж, уурхай хаагдсан байна. Уурхай ид ажиллаж байх үед Бэрх хот 10 мянган хүн амтай, үүнээс 2000 орчим нь Зөвлөлтийн мэргэжилтнүүд байжээ.


Связанные новости