ӨМНӨГОВЬ: "Говь+Ус" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-09-05 09:14:03

Даланзадгад /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийг хөгжүүлэх "Нутгийн хишиг" болон "Говь+Ус" хөтөлбөрүүдийн хүрээнд ус хуримтлуулах хөв цөөрмүүдийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар амжилттай барьж байгуулан, бүрэн ашиглалтад оруулж байна.

 

Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг дахь Шавартайн услалтын системийн цөөрмийг шинээр барьж байгуулсан бөгөөд технологийн орчин үеийн шийдлийг ашиглан, үерийн усыг цөөрөм рүү оруулахгүй байхаар тооцоолон байгуулжээ.

 

Тус цөөрөм нь зөвхөн булгийн усаар тэжээгдэх бөгөөд Жаргалант багийн тариалангийн талбайг усаар хангах юм.

 

Мөн "Говь+Ус" хөтөлбөрийн хүрээнд булгийн эх ундаргыг хашиж хамгаалах ажлыг үе шаттай хийж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн Булган сумын Нүцгэний булагийн эх ундаргыг хашиж хамгаалах ажлыг зохион байгууллаа.  

 

Нүцгэний булгийн эх ундаргыг хашиж хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулснаар усны ундарга нь эрс нэмэгдэж, цөөрөм, тогтоол ус бий болж, ургамлын зүйл сэргэж ялангуяа урьд нь байгаагүй ипполитийн зэгс ургаж эхэлсэн бөгөөд марцны шил өвс, ширэг улалж, гялгар дэрс, багваахай өтгөрөн ургаж усны шувуудын намрын нүүдлийн түрүүч цагаан сүүлт хөгчүү, одой элсэг, шөвгөн хараалж зэрэг шувууд ирсэнийг мэргэжилтнүүд онцлон хэллээ.

 

 

Өмнөговь аймгийн “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр: 

элхий нийтээр сүүлийн жилүүдэд их яригдаж байгаа экологийн коридор нутаг буюу зэрлэг амьтад, шувуудын дамжин өнгөрдөг нутаг дээр холбоос нутаг буюу хөв цөөрмийг байгуулсан нь маш том үр дүнтэй ажил болж байна.

Энд байгуулах болсон шалтгаан нь Монголын зэрлэг амьтан, шувуу хамгаалах нийгэмлэгийн тэргүүн доктор Б.Нямбаяр гурван жилийн өмнө уулзахдаа дэлхийн хэмжээнд нэн ховордож улаан номд орсон Борцгор хотон танай говьд Нүцгэний тал орчимд хуурай газарт үдлээд явдаг талаар хэлсэн юм. Шөнөдөө 20 гаруй километр газарт нааш цаашаа холхисон байна гэсэн.

Тиймээс шувуудыг хамгаалах нийгэмлэг холбоод ярилцаад энэ орчимд тодорхой жижигхэн тогтоол устай цөөрөм бий болгоё гэж шийдсэн. Энэ талаар Өмнөговь аймгийн БОАЖГ-ын дарга Х.Отгонмөнх даргад хүсэлтээ өгсөн байгаа. Манай байгаль орчныхон маш идэвхтэй ажилласан. Үүний үр дүнд өнөөдөр шувууд нүүдлийн замдаа амарч үдлээд явдаг холбоос нутгийг бий болгож чадлаа.

Өнөөгийн уур амьсгалын нөхцөл байдал хүндэрч ган зудтай байна. Энэ цаг үед мал амьтныг ундаалах усыг нь гаргаж өгөөд эх ундаргыг нь хамгаална гэдэг их зөв ажил юм. Булгийн эхийг хашиж хамгаалснаар чийгшил нэмэгдэж өвс ногоо сэргэж байна. Нүүдлийн шувууд ус уугаад, амраад явах холбоос нутгийг байгуулснаар нэн ховор, ховор зүйлийн амьтдыг хамгаалах үйлсэд том хувь нэмэр оруулж байгаа нь улсын хэмжээнд жишиг болох сайн туршлага боллоо. Ялангуяа хотон шувууг хамгаалах дамжин өнгөрөх бүс болж байгаа гэдгээрээ анхдагч ажил юм. Мөн хүүхдүүд ирж шувууд харах цаашлаад тэдний экологийн мэдлэгийг дээшлүүлэх, хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. 

Связанные новости