Геннисийн номонд бүртгүүлэхэд 35 сая төгрөг хэрэгтэй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-19 20:37:28

Хэнтий аймгийн Чингис хотын төв талбайд Монголын нууц товчоог 100 мeтр эсгий дээр зээгт болон ширмэлээр оёж, Гeннисийн номд бүртгүүлэх үйлд учиг шингээх ёслол боллоо.

Ёслолд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба тэргүүтэй удирдлагууд, БСШУСЯ-ны Соёлын өвийн төвийн биет бус соёлын өвийг хамгаалах хэлтсийн дарга Ц.Жаргалсайхан, Өмнөдэлгэр сумын Засаг дарга У.Нүрсэд, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хэнтий аймгийн салбар хорооны дарга Г.Эрийнтовч, ард иргэд, үйлчид өргөнөөр оролцлоо.

Өдгөө 100 дахь метр буюу МНТ-ны төгсгөлийн бүлэг дээрээ яваа энэхүү түүхэн бүтээлийг Өмнөдэлгэр сумын харьяат “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ийн захирал Ж.Нарантуяа санаачлан, түүний хань Д.Нэргүй зураачаар нь ажиллаж байгаа юм.

Анх өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чингис хотоос эхэлж, эдүгээ Монгол орон даяар 12 аймгийн 2000 гаруй үйлчид оролцож үйл учгаа шингээгээд байгаа аж.

Тус бүтээлийн санхүүгийн хувьд “1000 төгрөг 1000 урам” аянд аймгийн сумдууд, албан байгууллагууд хамрагдаж 2 сая 222 мянган төгрөг хандивласан байна. Мөн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” болон Аймгийн ЗДТГ бодлогоор дэмжин ажиллаж байгаа юм.

“Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ийн захирал Ж.Нарантуяа, Одоогийн байдлаар “Геннисийн номонд бүртгүүлэхэд бүтээлийн болон санаачлагчдын танилцуулга зэргээс эхлээд 35 сая төгрөг хэрэгтэй байгаа” гэв.

Арга хэмжээний үеэр Аймгийн Засаг даргын А/68-р захирамжаар “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ийн захирал Ж.Нарантуяаг Аймгийн Хүндэт тэмдгээр, зураач Д.Нэргүйг Хан Хэнтийн алдартан тэмдгээр тус тус шагнасан юм.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

 

Связанные новости