ХЭНТИЙ: "Алимын мод тарих аргачлал" сэдвээр сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-10-17 15:52:21
Чингис, 2023 оны аравдугаар сарын 15, /МОНЦАМЭ/. Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Хэрлэн сумын ЗДТГ-аас санаачлан "Алимын мод тарих аргачлал" сэдэвт сургалтыг энэ сарын 14-15-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалтыг Ховд аймгийн Булган сумын "Булган голын алим" ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Балжинням удирдан явуулав. Сургалтаар алим тарих аргачлал лекц, алим тарих газар сонголт, нүхээ зөв бэлдэх, зөв тариалалт хийх, усалгаа арчилгаа, таналт, тайралт, залгаа хийх, алимын модонд салхины хаалт хийх, алим тарихад анхаарах ажлуудын талаар мэдээлэл өгч туршилтын арга барил, зааварчилгааг танилцуулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, Хэнтий аймаг 2030 он гэхэд 30 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн. Тарих модны 80 хувийг ойжуулалтаар, 20 хувийг төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ гэв. Тиймээс иргэдийн мод тарих идэвх санаачилгыг дэмжиж энэхүү "Алимын мод тарих аргачлал" сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр буюу энэ сарын 14-нд төрийн 25 байгууллагын албан хаагчид Улаанбаатар хот руу явах зам дагуу нийт 745 мод нөхөн тарьсан байна.


Связанные новости