АНУ-аас Хятадад чип нийлүүлэхийг улам хязгаарлана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ВАШИНГТОН,
2023 оны аравдугаар марын 17 /VoA/. Америкт үйлдвэрлэсэн орчин үеийн хагас
дамжуулагч, чип, тэдгээрийг үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг Хятадад нийлүүлэхэд тогтоосон хязгаарлалтыг улам чангатгасан шинэ журмыг батлах гэж байгаа тухай "Америкийн дуу хоолой" мэдээллээ.
Шинэ журмын дагуу одоогийн байдлаар
зөвшөөрөгдсөн техникийн үзүүлэлт бүхий хиймэл оюун ухааны (AI) зарим чипийг экспортлохыг хориглох
бөгөөд компаниуд бусад чипний нийлүүлэлтийн
талаар мэдээлэх үүрэг хүлээнэ
гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
АНУ-д үйлдвэрлэсэн хагас дамжуулагч, чип, тоног төхөөрөмжийг ашиглан Хятад улс зэвсэгт хүчнийхээ чадавхийг дээшлүүлэхээс сэргийлэхийн тулд Ж.Байдены засаг захиргаа 2022 оны 10 дугаар сард хагас дамжуулагчийн экспортод хязгаарлалт тавьсан юм.
Дэлхийд хамгийн том эдийн засагтай хоёр гүрний харилцааг сайжруулах гэж талууд хичээж буй үетэй энэхүү экспортын хязгаарлалт давхцаж байна. Ж.Байдены засаг захиргааны хэд хэдэн өндөр албан тушаалтан сүүлийн саруудад Хятадад айлчилсны дараах энэ үед экспортын хязгаарлалтын шинэ дүрэм журам нь дипломат хүчин чармайлтанд хүндрэл үзүүлж магадгүй юм.
Хятадын компаниудад шахалт үзүүлэхийн тулд экспортын хязгаарлалтыг урвуулан ашиглаж байна гэж Бээжингийн зүгээс АНУ-ыг буруутгасан билээ. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ "Худалдаа, технологийн асуудлыг улс төржүүлж, өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн дэлхийн үйлдвэрлэлийн сүлжээг тогтворгүйжүүлдэг үйлдлээ АНУ зогсоох хэрэгтэй. Бид үйл явдлыг анхааралтай ажиглаж, эрх ашгаа тууштай хамгаалах болно" гэж мэдэгджээ.
Энэхүү хязгаарлалт нь өнгөрсөн онд дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч АНУ-ын “Nvidia” компани чатбот болон хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухааны хоёр чипийг Хятадын захиалагчдад нийлүүлэхэд саад учруулсан юм. Гэсэн хэдий ч “Nvidia” удалгүй Америкийн экспортын хязгаарлалтад ороогүй энэ төрлийн чипийн шинэ бөгөөд арай хялбар хувилбаруудыг Хятадын зах зээлд экспортолсон юм. Тухайлбал, хиймэл оюун ухаантай ажиллахад ашиглах тохиргоо бүхий “H800” чип илүү үзүүлэлттэй боловч экспортын хязгаарлалтад орсон “H100” чиптэй адил тооцоолон бодох үйл явцад нөлөөлдөг. Гэхдээ “H800” чипийн зарим үндсэн үзүүлэлтүүд арай сул юм.
Харин одоо АНУ-ын хиймэл
оюун ухааны чип нийлүүлэхэд хязгаарлалт тогтоох гэж байна. Тодруулбал, Америкийн компаниуд экспортлох гэж буй хагас дамжуулагчаа /үзүүлэлт нь доогуур байсан ч гэсэн/ Хятадад нийлүүлэхээсээ өмнө засгийн газарт мэдэгдэх үүрэг хүлээх ажээ. Чипнүүд үндэсний аюулгүй
байдалд аюул учруулж буй эсэхийг
АНУ-ын засгийн газар тухай бүрт
нь нягтлан шалгах юм.
2022 оны 10 дугаар
сард шинэчлэгдэн батлагдсан журам нь гадаадад бүртгэлтэй салбаруудаараа дамжуулан Америкийн хиймэл
оюун ухааны чипийг авах боломжийг
Хятадын компаниудад олгож байсан
хуулийн цоорхойг хааж магадгүй юм.