ӨМНӨГОВЬ: Хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, оюутан солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-10-18 20:33:36

Даланзадгад, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Николаевич Горелик, гэргий Анна Петровна, Монгол Улсад суугаа өргөмжит консул Леонид Яковлевич нартай Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Батболд болон бусад албаны хүмүүс энэ сарын 17-ны өдөр албан уулзалт хийлээ.

  


Бүгд Найрамдах Беларусь Улсын Жодино хоттой Даланзадгад сум  9 дэх жилдээ хамтран ажиллаж байна.

 

Хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск болон Жодино хотод Даланзадгад сумын 21 оюутан хүнд даацын автомашин, инженер техникийн чиглэлээр тэтгэлэгтэй суралцаж байгаа бөгөөд эдгээр оюутнуудын эцэг, эхийн төлөөлөл уулзалтад оролцжээ.

 

Энэ удаагийн уулзалтаар хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, оюутан солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлэх, одоогоор суралцаж буй оюутнуудыг илүү хариуцлагатай суралцвал олон боломж байгааг мэргэжилтнүүд онцлон, эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлээр тэтгэлэгтэй суралцуулах, туршлага судлуулах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, арьс шир, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх, газар тариалан, сүү, сүүн бүтээгдэхүүн, чөмөгний тос гээд тэмээний ашиг шим, үржүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Бүгд Найрамдах Беларусь Улсын төлөөлөл илэрхийлж санал солилцон, зарим үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон байна.

 


Харин Даланзадгад хотын удирдлагууд хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг Бүгд Найрамдах Беларусь Улсын Жодино болон бусад хотуудын дэлхийд алдартай “Белаз”-ын үйлдвэр, Бобруйск хотод байрлах тракторын деталь, агрегат тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг Агромаш үйлдвэр зэргийг үзэж, туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

 


Связанные новости