БАЯНХОНГОР: Аймгийн ИТХ-ын ажлын баг сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-10-20 12:24:16

Баянхонгор, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-аас Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, "Баялаг бүтээгч Баянхонгор" хөтөлбөрийг сурталчлах үйл ажиллагааг сумдад зохион байгуулж байна.


Мөн үеэр сум тус бүрд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн "Төлөөлөгчийн нэг өдөр", Хууль сурталчлах нээлттэй өдөрлөг зэрэг нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж, 20 суманд хүрч ажиллах төлөвлөгөөг батлан энэ сарын 14-ний өдөр Хүрээмарал сумаас эхлүүллээ. Тус үйл ажиллагаа сум орон нутаг, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлууд, гарц шийдлийг хамтдаа тодорхойлж, орон нутгийн бодлого шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой аж.


Иргэдийг төлөөлөх байгууллагын хувьд иргэдийн оролцоон дээр тулгуурлан тус үйл ажиллагааг цогц хэлбэрээр зохион байгуулж буйгаараа онцлог. Өнөөдрийн байдлаар Хүрээмарал, Бөмбөгөр, Бууцагаан суманд тус үйл ажиллагааг зохион байгуулаад байна.


Аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбатаар ахлуулсан ажлын баг "Төлөөлөгчийн нэг өдөр" үйл ажиллагааны хүрээнд сумын төрийн байгууллагуудын нөхцөл байдал, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, төрийн албан хаагчдын санал хүсэлтийг сонсч байна. Мөн нутгийн иргэдтэй уулзалт хийж, сүүлийн жилүүдэд нутгийн удирдлагын байгууллагаас гүйцэтгэх засаглалтайгаа хамтран орон нутагт хэрэгжүүлж буй бодлого, төсөл төлөвлөгөө түүний хэрэгжилт, бодит үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл өгч, зарим  асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байгаа юм.


Баянхонгор аймгийн ИТХ-аас төлөөлөгчийн тойрогтоо хийж хэрэгжүүлж буй ажилтай танилцах, сурталчлах, иргэдийн саналыг сонсох төлөвлөгөөний хүрээнд аймгийн 41 төлөөлөгчийн нэг өдрийг 20 суманд шат дараатайгаар зохион байгуулах аж.





Связанные новости