Одон орон судлаачид хамгийн алсаас ирсэн радио долгионыг бүртгэн авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-10-20 18:12:58

ГАРХИНГ, 2023 оны аравдугаар сарын 20 /new-science/. Өнөөдрийг хүртэл бүртгэгдээд буй радио долгионуудаас хамгийн алс холоос ирсэн радио долгионыг  Европын одон орончид илрүүлжээ. 


Уг долгионыг FRB 20220610A гэж нэрлэсэн бөгөөд алс холын сансрын уудамд нэг хүрэхгүй миллисекунд үргэлжилсэн огцом радио тэсрэлтээс (FRB) үүсжээ. Энэхүү нээлтийг өнгөрсөн зургадугаар сард Австралийн ASKAP радио дуран авайгаар хийсэн бөгөөд FRB-ийн өмнөх зайнаас 50 хувиар илүү хол байв. Харин Европын өмнөд бүсийн ажиглалтын төвийн (ESO) VLT дуран авайн тусламжтайгаар хийсэн ажиглалтын дүнд, хурдан радио тэсрэлт нь манай гаргаас 8 тэрбум гэрлийн жилийн алсад орших галактикт болсон гэдгийг тогтоожээ. Энэ галактик бол өнөөг хүртэл илрүүлээд буй хамгийн эртний бөгөөд хамгийн алс орших FRB-ийн эх үүсвэр юм. 


Энэхүү FRB нь мөн урьд өмнө бүртгэгдсэн тэсрэлтүүдээс хамгийн хүчтэй нь бөгөөд секундийг олон хуваасны өчүүхэн төдийд 30 жилийн хугацаанд манай нарнаас ялгарах цацрагтай тэнцэх хэмжээний энерги ялгаруулжээ. 


Бүр эртний, илүү хол зайд болсон тэсрэлтүүдийг илрүүлэх, тэдгээрийн эх үүсвэрийг тогтоохын тулд шинэ үеийн радио дуран авайг ашиглах боломжтой. Тухайлбал, Австрали, Өмнөд Африкт суурилуулж буй Square Kilometre Array (SKA) дуран авайг нэрлэж болно. Уг дуран авай ашиглалтад орсноор одоо ашиглаж буй дурангуудаар илрүүлэх боломжгүй олон мянган FRB-ийг илрүүлэх боломжтой болно.


Түүнчлэн Чилийн Атакама цөлд ESO-ийн асар том телескопыг (ELT) угсарч байна. Уг дуран авай нь 39 метрийн голч бүхий антеннтай байх бөгөөд FRB 20220610A -гаас ч илүү хол зайд орших галактикуудад болсон тэсрэлтийг судлах боломжийг олгоно.

Связанные новости