"Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч" сургалт 3 дахь жилдээ болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬШүүхийн Ерөнхий зөвлөлөөс "Шүүх олон нийт" хөтөлбөрийн хүрээнд "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч" бэлтгэх гурав дахь удаагийн сургалт энэ сарын 23,24-ны өдөр болно.
Энэ сургалтаар хууль эрх зүйн чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлч, сурвалжлагчдын эрх зүйн мэдлэгт дэмжлэг үзүүлэх, шүүх эрх мэдэл, шүүн таслах ажиллагааны талаарх мэдлэг мэдээллийг олон нийтэд хүргэхэд туслах, хамтран ажиллах, шүүхийн мэргэшсэн сэтгүүлч бэлтгэдэг. Сургалтыг ШЕЗ-ийн хурлын танхим болон Баяндөхөм дэх шүүхийн сургалтын төвд болно. Шүүхийн захиргааны төлөвшил, Үндсэн хууль дахь шүүх эрх мэдлийн хамгаалалт, эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, шүүгчийн ёс зүйн гомдлыг хянан хэлэлцэх зэрэг тулгамдсан асуудлаар ШЕЗ-ийн дарга, хууль зүй, филосифийн ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Монгол Улсын гавьяат хуульч, ҮХЦ-ийн орлогч дарга Н.Жанцан, УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, УЕП-ын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат, Монгол Улсын гавьяат хуульч, ШЕЗ-ийн гишүүн Б.Сарантуяа, Монгол Улсын гавьяат хуульч, ШЕЗ-ийн гишүүн О.Зандраа нарын эрдэмтэн багш нар хичээл заах юм. Сургалтад оролцсон сэтгүүлчдэд "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч" гэрчилгээ олгоно гэж ШЕЗ-ийн хэвэл мэдээл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг мэдээллээ.
Ж.Батсайхан