Хиймэл оюун ухааны асуудлаарх анхны дээд түвшний уулзалт Их Британид эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-11-01 15:30:00

ЛОНДОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /TASS/. Хиймэл оюун ухааныг аюулгүйгээр ашиглах асуудлаарх олон улсын анхны дээд хэмжээний уулзалт Их Британид эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг уулзалтад оролцогчид шинэ технологи хөгжих тусам ойрын жилүүдэд учирч болзошгүй эрсдэлийн талаар хэлэлцэнэ.


Уулзалтыг зохион байгуулагчдын мэдээлснээр, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, SpaceX, Tesla болон олон нийтийн X (хуучин Twitter) сүлжээг эзэмшигч Илон Маск, Microsoft-ын ерөнхийлөгч Брэд Смит, Google DeepMind-ийн гүйцэтгэх захирал Демис Хассабис, ChatGPT чатботыг хөгжүүлэгч Open AI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман зэрэг 100 орчим нэр хүндтэй шинжээчид, дээд түвшний зочдыг урьсан байна. Мөн БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн дэд сайд Ву Жаохуйэ оролцоно гэдгээ мэдэгджээ.


Хятадын төлөөлөгчдийн дунд тагнуулын ажилтнууд эсвэл мэдээлэгчид байх вий гэсэн Их Британийн тагнуулын алба болгоомжилж байгаа учраас уг уулзалтад Хятадын талын оролцоог хязгаарлах саналыг дээд хэмжээний уулзалтын өмнөхөн Их Британийн хэвлэлүүдээр өргөн далайцтай хэлэлцсэн байна. Харин Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли Бээжинд итгэхгүй байгаа хүмүүсийн саналыг хүлээж аваагүй ажээ.


Энэхүү дээд хэмжээний уулзалтын зорилго нь хиймэл оюун ухаантай холбоотой эрсдэл, түүнийг багасгах арга замыг олон улсын дээд түвшинд хэлэлцэж эхлэх явдал юм. Их Британи улсын хувьд, уг технологийг олон улсын түвшинд зохицуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд энэ салбарт тэргүүлэгч болж, бусад улс орнуудад үлгэр дуурайл үзүүлэхийг зорьж байна. Харин дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахыг санаачилсан тус улсын засгийн газрын тэргүүн Риши Сунак хиймэл оюун ухаантай холбоотой шинэ хуулиудыг одоогоор батлахгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, эрх баригчид юуны өмнө "хиймэл оюун ухааны загваруудын аюулгүй байдлыг илүү сайн ойлгож үнэлэхийг" зорьж байгаа бөгөөд үүнд зориулж 100 сая фунт стерлинг (120 сая доллар) хуваарилж, мөн "хиймэл оюун ухааны ертөнцийн хамгийн нэр хүндтэй, чадварлаг хүмүүсээс бүрдсэн” ажлын хэсэг байгуулна. Мөн Их Британид дэлхийн анхны хиймэл оюун ухааны аюулгүй байдлын хүрээлэнг байгуулна гэдгийг тус улсын Ерөнхий сайд мэдэгджээ.

Связанные новости