Цөмийн цацрагийн үүсгүүр, материалын асуудлаар сургалт явуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬАНУ-ын Эрчим хүчний яам, МХЕГ-аас хамтран зохион байгуулж буй “Цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах, хариу арга хэмжээ авах” сургалт Замын-Үүд боомтод эхэллээ.
Энэхүү сургалтад Буянт-Ухаа, Дорноговь аймгийн Замын-Үүд, Ханги, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Дорнод аймгийн Хавирга, Эрээнцав, Баянхошуу, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомт, Сүхбаатар аймгийн Бичигт, Говь-Алтай аймгийн Бургастай боомтын хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсийн улсын байцаагчид хамрагдаж байна.
АНУ-ын Эрчим хүчний яамны “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төсөл дэлхийн 53 оронд хэрэгжиж, нийт 485 хил, 45 далайн боомтод 2000 гаруй цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулсан юм. Монголын Цөмийн аюулгүй байдлын газартай хамтран хэрэгжүүлж буй төсөл нь 2008 оноос 7 үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улсын хилийн 15 боомтод цацрагийн хяналтын 82 төхөөрөмж суурилуулаад байгаа. Түүнчлэн цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг илрүүлэх, хоёрдогч үзлэг шалгалтад ашиглах гар багажнуудыг нийлүүлсэн юм.
Дээрх төслийн хүрээнд өнгөрөгч онд Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудалд цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулах ажлыг гүйцэтгэсэн бол өөр хоёр боомтод төхөөрөмж суурилуулах, түр ажиллагаатай агаарын болон хилийн 7 боомтод цацрагийн хяналтын төхөөрөмж өгөх талаар судалж үзэхээ илэрхийлээд байгаа юм.
Н.Туяа