Эрх зүйн туслалцаа үнэгүй үзүүлэх "Иргэний хамгаалалт" төв үүдээ нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ"Сайн цагийн залуус" ТББ-аас санаачлан байгуулсан "Иргэний хамгаалалт" хууль зүйн туслалцаа үзүүлэх төв өнөөдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхэд нээлтээ хийлээ.
Тус ТББ-ын тэргүүн, хуульч О.Алтангэрэл "Иргэн эрхээ эдэлж, төр эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах үүрэгтэй. Гэвч одоогийн байдлаар төрөөс энэ чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаа дутагдалтай байна. Тиймээс "Иргэний хамгаалалт" хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийг байгуулж байгаа юм. Иргэд төлбөрийн чадвартай, үгүйгээс үл шалтгаалан манай төвөөр үйлчлүүлэх бололцоотой" гэв.
Тус байгууллагаас иргэдэд дараах үйлчилгээг үзүүлэх аж. Үүнд:
-Эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд хууль зүйн зөвлөгөө өгөх,
-Эрүүгийн болон Захиргааны зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох,
-Иргэний эрх зүй болон Захиргааны эрх зүйн хууль тогтоомжийн хүрээнд амаар болон бичгээр зөвлөгөө өгөх,
-Шүүхэд гаргах нэхэмжлэл, хариу тайлбар, хүсэлт, гомдлын эх боловсруулах, шүүхэд төлөөлөх, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх,
-Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хооронд иргэний эрх зүйн болон захиргааны эрх зүйн харилцаа үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход туслах гэрээ, хэлэлцэл, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, шаардлага гэх мэт эрх зүйн ач холбогдолтой баримт бичгийн эх боловсруулах зэрэг үйлчилгээ үзүүлнэ.
Мөн тус төв нь иргэдийн эрх зүйн боловсролд хувь нэмэр оруулах сургалт, хөтөлбөр, сурталчилгааг явуулах бөгөөд ажлын өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд иргэдийг хүлээн авч хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг өгөх аж.
Н.Туяа