ДУНДГОВЬ: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг 88,2 хувьтай хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-15 17:29:45
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. 2023-2024 оны өвөл Дундговь аймгийн нутагт 296,0 мянган бод мал, 3,4 сая бог мал, нийт 3,7 сая толгой мал өвөлжих ба өвөлжилтийн бэлтгэл тус аймгийн хэмжээнд 88,2 хувьтай байгааг ХХААГ-аас мэдээллээ.       


2022 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр тус аймгийн хэмжээнд 3,8 сая мал тоолуулсан бөгөөд энэ онд 1,0 сая төл мал нэмэгдэж, 900,0 мянган толгой малыг хүнсэнд хэрэглэх тооцоо гарчээ.           


2023 оны зун аймгийн ихэнх суманд бороо хур орж, зуншлага сайн байсан хэдий ч баруун болон урд талын зарим сумын нутгаар бороо ороогүйн улмаас тухайн сумын нутагт өвөлжих боломж тааруу байгаа юм. Түүнчлэн Дорноговь, Өмнөговь аймгийн зуншлага тааруу байсан зарим сумаас оторчид ирж, бэлчээрийн хүрэлцээ муудах төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагаас онцолсон. Одоогийн байдлаар аймаг дотроо 66 өрхийн 33868 толгой мал оторлож байгаа ба Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Төв, Хэнтий аймгийн нутагт 69 өрхийн 48551 толгой мал өвөлжиж байна. Түүнчлэн аймаг дундын отрын бус нутгуудад тус аймгийн 8 өрхийн нийт 9593, хонин толгойд шилжүүлснээр 21096 толгой мал оторлох хүсэлт гаргаад байгаа аж.


Статистикийн 2022 оны жилийн эцсийн мэдээгээр аймгийн хэмжээнд 7682 малчин өрх байна. Эдгээр өрхүүд тэжээлийн нэгжид шилжүүлснээр 4643,6 тн гар тэжээл бэлтгэх ёстойгоос өнөөдрийн байдлаар бэлтгэл хангалт 66 хувьтай байна.


Харин одоогийн байдлаар аймаг, сумын аюулгүй нөөцөд 689,2 тн өвс, 289,8 тн тэжээл нөөцөлсөн байгаа нь 75 хувийн биелэлттэй байгаа юм. Өвс тэжээлийн бэлтгэлийг Адаацаг сум 100, Дэрэн сум 128, Өндөршил сум 146, Луус сум 154 хувьтай хангаад байгаа бол Гурвансайхан, Сайхан-Овоо, Хулд, Цагаандэлгэр, Баянжаргалан сумын өвс тэжээлийн нөөцийн хангалт тааруу байна.  


Ташрамд дурдахад тус аймгийн зах зээлд Төв, Сэлэнгэ аймгийн бэлчээрийн хадлангийн өвс 13,0-15,0 мянга, Дорнод, Сүхбаатарын өвс 15,0-17,0 мянган төгрөгөөр борлуулж байна.

Связанные новости