БАЯНХОНГОР: Мал сүргийн 87 хувь нь дунд болон дундаас дээш тарга хүч авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-11-20 12:52:51

Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд энэ онд 3.2 сая толгой мал өвөлжиж, хаваржина.


2023 оны хавар, зуны улиралд хур борооны тоо багасаж, түр зуурын усархаг борооны дамтамж нэмэгдсэнээс зуншлага нийт нутгийн 90 хувьд гандуу, 10 хувьд гантай гэж үнэлэгдсэн байна. Өвөл, хаврын бэлчээрийн даац нийт нутаг дэвсгэрийн 21.5 хувьд хүрэлцээтэй, 78.5 хувьд хэтрэлттэй байгаа бөгөөд нийт мал сүргийн 87 хувь нь дунд болон дундаас дээш тарга хүч авсан боловч зун, намартаа говь, тал, хээрийн сумуудад ургамлын ургалт тааруу байжээ.


Нөхцөл байдлаас үүдэн тус аймгийн зудын эрсдэлийн 2023 оны 11 дүгээр сарын үнэлгээгээр өвөлжилт хүндрэх эрсдэл “Дунд” гэж дүгнэсэн байна.


Тус аймаг нь мал аж ахуйд суурилсан эдийн засагтай бөгөөд мал сүрэг хорогдвол эдийн засаг нийгэмд 250 орчим тэрбум төгрөгийн хохирол учирч, 13.2 мянга орчим малчин өрхийн 1.9 мянган иргэн амжиргааны эх үүсвэргүй болно гэсэн судалгааг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас аймгийн Онцгой комисст мэдэгджээ.

Связанные новости