БАЯНХОНГОР: Цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-11-28 13:35:45

Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь” төслийн баг Баянхонгорт ажиллалаа.


Тус төсөл 2019 оны тавдугаар сараас эхлэн Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумын нутагт хэрэгжиж байгаа бөгөөд төслийн баг Баянхонгор аймгийн Засаг дарга /төслийн удирдах хорооны гишүүн/ Д.Мөнхсайхантай өнөөдөр уулзсан юм. Уулзалтаар төсөл болон орон нутгийн хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, бий болсон сайн туршлагуудыг цаашид хадгалан авч явах, төсөл хэрэгжих үлдсэн хоёр жилийн хугацааны хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.


Мөн үеэр хэлэлцээд, төслийн хүрээнд хэрэгжиж буй үйл ажиллагаануудаас Бөөнцагаан нуурыг улсын тусгай хамгаалалтад хамруулах, Заган ойн байгалийн сэргэн ургалтыг дэмжих ажлыг 1000 га талбайд гүйцэтгэх, Говийн бүсэд явуулын мал нядалгааны цехийг хувийн хэвшилд түшиглэн ажиллуулах, хурга махлуулах ажлыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх, Байгальд ээлтэй малчин болзлыг түгээн дэлгэрүүлэх зэрэг үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.


Уулзалтад НҮБ-ын хөтөлбөрийн шинжээч Э.Эрдэнэбат, “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь” төслийн үндэсний зохицуулагч Б.Эрдэнэбилэг, төслийн мэргэжилтэн Т.Энэрэл, санхүүгийн ажилтан А.Цэцэгдарь, төслийн аймгийн зохицуулагч Ч.Оюунчимэг болон аймгийн удирдлагууд оролцсон байна.

Связанные новости