ХЭНТИЙ: Шилдэг багш нарыг шалгаруулж, 5-25 сая төгрөгөөр шагнана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-11-29 08:11:52
Чингис, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит “Шилдэг багш” уралдааны нэгдүгээр шатанд ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын нийт 197 багш оролцсоноос II шатанд 86 багш шалгарлаа.

Энэхүү уралдаан нь боловсролын байгууллагуудын багш нарын ажлын бүтээмжийг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, цаашилбал аймаг орон нутгийн боловсролын салбарт ахиц амжилт гаргах зорилготой бөгөөд эхний таван багшид орон сууцтай болоход нь 5,0-25,0 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх юм.

Эхний шатны шалгаруулалтыг "Аймгийн засаг даргын нэрэмжит сургууль, цэцэрлэгийн багш шалгаруулах журам”-д заасны дагуу БШУГ-аас явуулсан юм. Харин хоёрдугаар шатанд шалгарсан багш нар “Хичээлээс гадуурх сургалтын ажлаар хүүхэд хөгжүүлж, төлөвшүүлэх боломж, туршлага, үр дүн” сэдвээр илтгэл бэлтгэж оролцох аж. Түүнээс шалгарсан багш нар гуравдугаар шатанд мэргэжил ур чадварын шалгалт өгч 12 дугаар сарын 20-ны дотор дүнгээ гаргах юм байна.
Связанные новости