ХӨВСГӨЛ: Байгальд ээлтэй байдлаар булгийн эхийг хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-11-30 17:40:12

Мөрөн, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг гадаргын усны сүлжээ ихтэй, усны 7 сав газарт хуваагддаг.




Дэлгэрмөрөн, Шишхэд голын сав газар нь 43,686.3 хавтгай дөрвөлжин км талбайг хамарч, аймгийн нутаг дэвсгэрийн 43 орчим хувийг эзэлдэг.


Дэлгэрмөрөн, Шишхэд голын сав газрын нийт голын нийлбэр урт 19,356 км, сав газрын 95 хувьд цэвдэг хөрс тархсан, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эхийн 11,2 хувийг эзэлдэг, улсын болоод дэлхийн цэнгэг усны нөөцийн онцгой ач холбогдолтой сав газар юм.




Иймээс сав газрын онцлогт тохирсон усны нөөцийн нэгдсэн менежментийг эрдэмтэн судлаачид, орон нутгийн захиргааны байгууллага, ус ашиглагчид, төрийн бус байгууллага, сав газрын захиргаа, сав газрын талуудын оролцооны зөвлөл зэрэг олон талын оролцоог хангаж хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.


Өнөөдөр Дэлгэрмөрөн, Шишхэд голын сав газрын талуудын оролцооны зөвлөлийн хурлыг гишүүдийг чадавхжуулах, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах зорилгоор өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байна.




Энэ үеэр 33 булгийн эхийг газар ухалгүй байгальд ээлтэй байдлаар хамгаалсан нь малчид болон бусад байгууллагад  санаа авахуйц үр дүнтэй ажил болсон байна. 


Энэ удаагийн зөвлөлийн хурал нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ажлыг сав газрын усны менежментэд тусган хэрэгжүүлэх, цэвдэг хөрсний алдрал ба гадаргын усны нөөцийн өөрчлөлт, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мөрдөх зэрэг сэдвээр эрдэмтэн, судлаачдын үнэтэй мэдлэгийг хуваалцсан үр дүнтэй ажил боллоо оролцогчид онцолж байлаа.

 

Связанные новости