ХӨВСГӨЛ: Мал тооллогод 1000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-12-07 11:01:02

Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого эхэлж, тооллогод 1122 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.


Энэ жилийн хувьд малыг нэг бүрчлэн нүдээр үзэж тоолж байна. Зарим сум цас ихтэй өвөлжилт хүнд байгаа боловч цаг уурын нөхцөл байдлаас үүссэн ямар нэг хүндрэл гараагүй, мал тооллого эхэлж байна гэдгийг аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу хэллээ.

 

Тус аймаг өнгөрсөн онд 6 254 494 толгой мал тоолуулж улсдаа тэргүүлсэн. Нийт малын тоо өмнөх оноос 311280 толгойгоор буюу 5,2 хувиар өссөн байна.


Хөдөө аж ахуйн салбар нь манай улсын эдийн засгийн 13 хувь, ажиллах хүчний 26 хувийг бүрдүүлдэг үндсэн салбаруудын нэг юм.


1961 оноос жил бүр зохион байгуулж байгаа мал, тэжээвэр амьтдын тооллого нь төрөөс хөдөө аж ахуйн салбарын бодлого боловсруулах, малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үндсэн суурь мэдээлэл болдог ажээ.

 

Связанные новости