ХӨВСГӨЛ: “Цаатан соёл” төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-12-08 10:19:55

Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд Соёлын яамны санхүүжилтээр  үндэсний цөөнхийн  төлөөлөл болох цаатан тува угсаатны эх хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, соёлын биет бус өвийг сэргээн сануулж хоногшуулах, соёлын олон талт харилцаанд эх хэлний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой “Цаатан соёл” төсөл хэрэгжиж байна.


 

Төслийн хүрээнд Цагааннуур сумын Соёлын төвийн дэргэдэх орон нутаг судлах музейн 400 гаруй үзмэрийн тайлбарыг монгол, англи хэлээр, тува хэл дээр 80 үзмэрийг орчуулан бичиж, зарим бүлэг агуулгыг QR-аар дамжуулан танилцаж болохуйц тайлбартай болгожээ.




Мөн Цагааннуур сумын иргэдийн дунд судалгаа хийн сурвалжилсны үндсэн дээр цаатан тува иргэдийн дунд дуулагдаж буй 20 гаруй дуунаас түүвэрлэн "Тува дууны дээжис" дууны эмхэтгэлийн эхийг бэлтгэж 300 гаруйг хэвлэн тараасан байна.


Цаатан тува иргэдийн дунд “Тува дууг хэн сайн дуулах вэ” анхдугаар уралдааныг 5 насны ангиллаар сумын Соёлын төвтэй хамтран цахим хэлбэрээр зохион байгуулж, 7- 88 насны 37 хүн танхим болон цахим хэлбэрээр идэвхтэй оролцжээ.


 

Связанные новости