БУЛГАН: “NEAR 2023” олон улсын форумд оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-12-14 12:05:15

Булган,2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. “Их шилжилтийн үе, Зүүн хойд Азийн орон нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг явуулах арга зам” сэдэвт “NEAR-2023” 14 дэх удаагийн Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны хурал Солонгос Улсын Гёнжү хотод арванхоёрдугаар сарын 11-13-нд болжээ.

Монгол Улсаас Улаанбаатар хот, Булган, Баянхонгор  Говьсүмбэр, Дархан уул, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ зэрэг 10 аймгийн  23 төлөөлөгч оролцсон аж.

Булган аймаг NАЕR-ын Зүүн Хойд Азийн орон нутгийн захиргааны гишүүн тул уг форумд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Алтаншагайгаар ахлуулсан удирдлагын баг оролцсон байна. Булган аймгийн ЗДТГ-аас Гадаад харилцаа, хамтын ажиллагааны саналын илтгэлээ танилцуулжээ.

“NEAR Олон улсын байгууллага” нь Зүүн хойд Азийн зургаан улсын засаг захиргааны томхон нэгж бөгөөд  аймаг, мужийн бие даасан хотын гишүүнчлэлтэй орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагааны байгууллага юм.

1996 оны есдүгээр сард байгуулагдсанаас хойш Монгол, Орос, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Хятад, Япон 6 орны 79 орон нутаг гишүүнээр элссэн бөгөөд Зүүн хойд Азийн 700 сая хүн амыг хамрах ба таван ажиглагч орон нутаг, олон улсын гурван байгууллага  AER, R20, ICLEI-тай түншлэлийн харилцаа тогтоон хамтран ажиллаж байгаа аж.

 

“Харилцан ашигтай, тэгш эрхийн үндсэн дээр байгуулагдсан тус “Холбоо” нь Зүүн хойд Азийг хамтдаа хөгжүүлэх, гишүүн орон нутгийн захиргааны байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааны сүлжээг байгуулж, харилцан ойлголцолд үндэслэсэн итгэлцлийг бий болгож улмаар дэлхийн энхтайвны үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг зорилгоо болгодог юм байна.







Связанные новости