ДОРНОГОВЬ: Түүх өгүүлсэн "Докторын хөтөл"

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-12-13 09:56:42

Сайншанд, 2023 оны 12 дугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд хотын төврүү орох замд арын дэнж дээр Сайншанд хэмээн бичсэн нэгэн хөтөл бий. Энэ хөтөл  Сайншандынхны хувьд бараг зуу гаруй жилийн түүхийг өгүүлэх түүхэн газар юм.

Одоогоос 90 гаруй жилийн тэртээ С.И.Агатов гэх орос эмч алс бөглүү Монголд ирэхдээ Дорноговийг зорин хязгаар нутгийн ард иргэдэд европ эмнэлгийн ач тусыг үзүүлж байсан төдийгүй аймагт анхны эмнэлгийн шан татаж байжээ. Сэрэлт кинонд гардаг орос эмч шиг эхнэр Вера Акатовагаа дагуулан жолооч Борис, хэлмэрч Жигжид Бадмаев нарын хамт “Гирхаж” гэдэг модон хигээст дугуйтай ачааны маягийн жижиг машинтай эм хэрэгсэл бензинээ ачин ирж байв.

Акатов эмч хүнийг эмнэхдээ гаргууд сайн, өвчний оношийг зөв олдог бас тэгээд ааш зан сайтай болохоор ард иргэдийн дунд нэр хүнд хүлээжээ. Нэгэн түүх өгүүлэхэд, Хатанбулагаас аймгийн төв рүү шилжин суурьших болоход сумын төвийн ард иргэд эмчээ явуулахгүй хэмээн үймээн гаргах дөхжээ.

1934 онд орос эмчийн Дорноговь аймагт ажиллах томилолтын хугацаа дуусч нутаг руугаа буцах болоход түүнд үзүүлж  эдгэрсэн  хүмүүс баяр талархлаа илэрхийлж, цайллага хийн хугацааг нь сунгаж өгнө үү хэмээн дарга нараас гуйж нулимс унагаж хоцорсон түүхийг нутгийн хөгшчүүл ярьдаг. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг. Ачтай орос эмчийнхээ ариун үйлсийг мөнхжүүлэх санаа ард иргэдийн дунд яригдаж түүний ирсэн буцсан тэр замыг “Докторын хөтөл” хэмээн  олноороо  хэлэлцэн түүхэн нэр хайрласан нь өнөөг хүртэл дурсагдсаар.

Докторын хэмээн нэрлэгдсэн энэ хөтөл Сайншандад ирсэн, буцсан хүн болгоны сэтгэлийн орон зайд ямар нэгэн гэгээлэг дурсамж, дуртгалыг үлдээж  байдаг юм. Дорноговьчууд Агатов эмчийг санан дурсаж Сайншандын нэгэн эмнэлгээ түүний нэрээр нэрлэсэн нь  эдүгээ "Аготава" Өрхийн Эрүүл мэндийн төв болон өргөжиж ард иргэдийн эрүүл энхийн манаанд хүчин зүтгэсээр байна.                 

Связанные новости