ТӨВ: Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын II зөвлөгөөн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-12-20 17:19:10

Зуунмод 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Төв аймгийн соёлын биет өвийн өвлөн уламжлагчдын II зөвлөгөөн өнөөдөр Төв аймгийн Нийтийн номын санд болов.

 

Зөвлөгөөнд холбогдох байгууллагууд, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Н.Мягмар болон Алтанбулаг, Баянчандмань, Борнуур, Зуунмод сумын 40 өвлөн уламжлагчид танхимаар, 27 сумын өвлөн уламжлагч нар цахимаар оролцлоо.

 


Зөвлөгөөнд оролцсон өвлөн уламжлагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.

 

Тодруулбал, Зарим соёлын биет бус өвийг хадгалж хамгаалахад хууль эрх зүйн хувьд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах шаардлага байгааг хэлж байв.

 

Мөн энэхүү зөвлөгөөнөөр 2025 онд аймгийн Соёлын биет бус өвийн III зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөв.

 


Энэхүү зөвлөгөөн нь Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг таньж тогтоох, нээн илрүүлэх, бүртгэн баримтжуулах, хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, судлах, сурталчлан таниулах зорилготой аж.


Аймгийн хэмжээнд Соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийг 7 ай 279 өв, Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлийн 7 ай 83 өв буюу нийт 362 өвийн 565 өвлөн уламжлагч бүртгэлтэй байна.


 

 

Связанные новости