ТӨВ: Архуст сумын өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-09-16 09:26:23

Зуунмод, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Архуст сумын мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж, нөөц бүрдүүлэлтийн ажил 85 хувьтай байна. Мөн төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийг хангаж, төрийн байгууллагын засвар үйлчилгээг бүрэн дуусгажээ.


Тодруулбал, Архуст сумын малчин өрх 1530.8 тн ногоон тэжээл бэлтгэхээс 450 тн бэлтгэсэн байна. Гар тэжээл 1014 тн бэлдэхээс 910 тн, үйлдвэрийн тэжээл 153.1 тн бэлдэхээс 55 тн, сумын аюулгүйн нөөц ногоон тэжээл 29 тн хураан авахаар төлөвлөж ургац хураалт дуусахыг хүлээж байна.


Хивэг 10 тн татан төвлөрүүлэх гэрээ байгуулж, 29 га талбайгаас ногоон тэжээл хураан авч, тодорхой хувийг сумын нөөцөд авч, үлдсэнийг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.


Мөн тус суманд "Баткомплекс" ХХК-ийн евро хашааны үйлдвэр шинээр үйл ажиллагаагаа явуулж, нэгдсэн дулааны шугам сүлжээний ажлыг эхлүүлж байгаа юм.


Архуст сумыг 1959 онд Архустын сангийн аж ахуйг түшиглэн байгуулж байсан ч 1969 онд татан буугдаж, Эрдэнэ сумтай нэгтгэсэн. 1981 оноос Архуст сумыг дахин байгуулж байсан түүхтэй юм. Өдгөө 82728 га нутаг дэвсгэрт 1400 гаруй хүн ам оршин сууж байна. 

Связанные новости