2023 он: Дэлхий дахинаас онцлохуй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРУЛААНБААТАР, 2023 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг дэлхий дахинд болсон 2023 оны онцлох үйл явдлуудаас нэрлэж байна.
1.НАТО хүрээгээ тэллээ
Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО байгуулагдсанаас хойш яг 74 жилийн дараа Финланд улс тус эвслийн 31 дэх гишүүн боллоо.
Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто албан ёсны баримт бичгүүдийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкенд гардуулан өгснөөр тус улс эвсэлд нэгдэх үйл явц дуусав.
Үүнтэй холбогдуулан НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Й.Столтенберг хэлэхдээ “Финланд илүү аюулгүй, НАТО илүү хүчирхэг боллоо” хэмээн дүгнэжээ.
Өнгөрсөн оны хоёрдугаар сард Оросын арми Украинд халдан довтолсны дараа Финланд улс 75 жилийн турш баримталж ирсэн төвийг сахих бодлогоосоо татгалзаж, хөрш Шведийн хамт НАТО-д элсэх хүсэлтээ гаргасан юм.
НАТО-д гишүүнээр элсэх хүсэлтийг эвслийн гишүүн бүх улсын парламент соёрхон батлах ёстой. Харин Швед, Финландын хүсэлтийг дэмжихээс Унгар, Турк хоёр цааргалсаар байв. Гэвч олон удаагийн яриа хэлэлцээ, харилцан айлчлалуудын дүнд хоёр улсын парламентууд Финландын гишүүнчлэлийг дэмжсэн шийдвэрийг гаргалаа. Харин Шведийн хувьд яг хэзээ НАТО-д элсэх нь тодорхойгүй хэвээр байна.
2.Цар тахлын онцгой байдлыг цуцаллаа
COVID-19 халдварын тархалттай холбогдуулан 2020 оны нэгдүгээр сарын 30-нд олон улсын хэмжээнд зарласан онцгой байдлыг ДЭМБ энэ оны тавдугаар сарын 5-ны өдөр цуцаллаа. Үүнээс 4 сарын өмнө буюу нэгдүгээр сарын 8-ны өдөр БНХАУ-д хөл хорионы дэглэмийг цуцалсан юм.
ДЭМБ онцгой байдал зарласнаас хойш гурван сар тутамд шинжээчдийн хороог хуралдуулан онцгой байдлыг сунгасаар ирсэн бөгөөд 15 дахь хуралдааны явцад хөл хорионы дэглэмийг цуцаллаа.
Бүхэл бүтэн гурван жилийн турш үргэлжилж, хүн төрөлхтнийг айдаст автуулж байсан цар тахлын аюул ийнхүү ард хоцорч, дэлхийн улс орнууд хэвийн амьдралын горимд бүрэн шилжив.
2020 оны гуравдугаар сард ДЭМБ “COVID-19”-ийг цар тахал гэж албан ёсоор зарласнаас хойш 2023 оны 12 дугаар сарын эхний хагас хүртэлх хугацаанд дэлхийн хэмжээнд халдварын 772 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 6.9 сая гаруй хүн нас баржээ.
3.70 жилийн дараа шинэ хаан сэнтийдээ залрав
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хаан III Чарльзыг албан ёсоор хаан сэнтийд залах ёслол Лондон хотын Вестминстерийн сүмд тавдугаар сарын 6-нд боллоо.
Тус улсыг хамгийн удаан буюу 70 жил удирдсан Эрхэмсэг хатан хаан II Елизабет 96 насандаа таалал төгссөнөөс найман сар орчмын дараа түүний ууган хүү Уэльсийн хунтайж Чарльз Филипп Артур Жоржийг 40 дэх хаанаар өргөмжлөв. Өдгөө 74 настай тэрбээр Британийн хаан сэнтийд заларсан хамгийн өндөр настай хүн болж байна.
Ингэснээр хунтайж Чарльз албан ёсоор 14 тусгаар тогтносон улсын хаан боллоо. Үүний зэрэгцээ тэрбээр Хамтын нөхөрлөлийн орнуудын төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэнэ.
Хаан сэнтийд залах ёслолд дэлхийн 100 орчим улсын төр, засгийн тэргүүн нар, 203 орны 2000 гаруй зочид төлөөлөгчид уригдан оролцов. Ёслолыг дамжуулсан шууд нэвтрүүлгийг 20 сая хүн үзжээ.
Хоёр цаг үргэлжилсэн ёслолын оргил мөчид III Чарльз хаан христосын шашны судар дээр гараа тавин хааны тангараг өргөлөө.
4.Хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжил ба эрсдэл
Том хэлний загварт суурилсан хиймэл оюун ухаант чатбот буюу ChatGPT-г 2022 онд бүтээснээс хойш бичвэр үүсгэх, орчуулга хийх, асуултад хүнтэй адил хариулах, шүлэг, хөгжмийн зохиол гэх мэт бүтээлч контентүүд хийх, хүмүүстэй сонирхолтой байдлаар чатлах зэрэг олон төрлийн даалгаврыг гүйцэтгэж чаддаг болжээ. Тодорхой хэлбэл, 2023 онд гарсан ChatGPT-ийн сүүлчийн хувилбар нь анхны хувилбараас 10 дахин илүү боловсронгуй болсон тул төр засгийн байгууллагууд, компаниуд, хувь хүмүүс уг чатботыг өргөнөөр ашиглаж эхэллээ.
AI технологи асар хурдтай хөгжиж байгаа нь хүний бүтээлч чадварыг цоо шинэ шатанд гаргана гэж зарим хүмүүс үзэж байгаа бол хиймэл оюун нь ажилгүйдэл ба нийгмийн тэгш бус байдлыг даамжруулж, тэр ч бүү хэл хүн төрөлхтнийг мөхөлд хүргэж болзошгүй хэмээн болгоомжлох хүмүүс ч бий.
5.Цахилгаан автомашины эрин үе эхэллээ
Энэ оны эхээр цахилгаан автомашины үнэ огцом унаснаар борлуулалт нь 2023 оны эхний 9 сарын байдлаар 34 хувиар өсжээ.
2023 онд дэлхий даяар борлуулах 5 автомашин тутмын нэг нь цахилгаан автомашин байх бөгөөд үйлдвэрлэл 35 хувиар нэмэгдэж, 14 саяд хүрнэ гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн таамагласантай дээрх тоо тун дөхөж очих нь. Дотоод шаталтын хөдөлгүүрээс цахилгаан хөдөлгүүрт шилжсэнээр 2030 он гэхэд дэлхий даяар өдөр бүр 5 сая баррель газрын тос хэмнэгдэнэ гэж тус агентлаг тооцоолсон юм.
Өнөөдрийн байдлаар БНХАУ, АНУ, Европын Холбоо дэлхийн зах зээлд давамгайлж байгаа бөгөөд тэр дундаа Хятад улсад дэлхий даяар худалдаалж буй цахилгаан автомашины 55 хувь нь ногдож байна.
6.Газар хөдлөлтийн гамшиг дагуулсан жил
Энэ онд газар хөдлөлт болон байгалийн гамшигт үзэгдлүүд ойр ойрхон тохиолоо. Тухайлбал, Турк, Сири, Афганистан, Марокко, Эквадор улсуудад хүчтэй газар хөдлөлтүүд болов.
Хамгийн хүчтэй нь хоёрдугаар сарын 6-ны өдөр Туркэд болж, 48 мянга гаруй хүн амь насаа алдаж, 500 мянга гаруй барилга байшин, дэд бүтцийн байгууламжууд эвдрэн сүйдэж, тус улсын эдийн засагт 100 гаруй тэрбум долларын хохирол учирчээ.
Мөн Марокко улсад есдүгээр сарын 8-ны өдөр 6.8 магнитудын хүчтэй, Афганистан улсад 10 дугаар сарын 7-нд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд болж, олон мянган хүний аминд хүрлээ.
Хамгийн сүүлд гэхэд, Говь-Алтай аймагтай хил залгаа Хятад улсын Гансү муж болон Чинхай мужид 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 131 хүн амиа алджээ.
7.Энэтхэгийн буугч аппарат Саран дээр амжилттай газардав
Долоодугаар сарын 14-ний өдөр Энэтхэг улсын хөөргөсөн “Чандраян-3” сансрын станцын “Викрам” буугч аппарат Сарны гадаргуу дээр амжилттай бууснаар тус улс АНУ, ЗХУ, БНХАУ-ын дараа Саран дээр сансрын төхөөрөмжөө зөөлнөөр газардуулж чадсан дөрөв дэх улс, Сарны өмнөд туйлд аппаратаа буулгаж чадсан анхны улс боллоо.
Өмнө нь 2019 онд Энэтхэг улс хоёр удаа Сар руу аппаратаа илгээж, зөөлөн газардуулахаар оролдсон боловч бүтэлгүйтэж байв.
8.Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ ба үнсэлтийн дуулиан
Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн Австрали, Шинэ Зеланд улсуудад долоодугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-нд боллоо.
Өмнө нь 24 баг оролцдог байсан тус тэмцээнд анх удаа 32 баг өрсөлдсөн юм.
Тэмцээний шувтаргын тоглолт Сидней хотын “Stadium Australia” цэнгэлдэх хүрээлэнд болж, Испанийн шигшээ баг англи бүсгүйчүүдийг 1:0 харьцаагаар буулган авснаар анх удаагаа дэлхийн аварга гэдэг цолыг хүртлээ.
Гэтэл аваргын цомыг гардуулах ёслолын үеэр Испанийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн Луис Рубиалес довтлогч Ж.Хермосогийн уруул дээр чанга үнссэн нь спортын ертөнцөд багагүй дуулиан дэгдээв.
Эл шалтгаанаар өдгөө 46 настай Л.Рубиалес Испанийн хөл бөмбөгийн холбооны тэргүүний болон УЕФА-гийн Гүйцэтгэх хорооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрохоос аргагүйд хүрчээ.
9.ХАМАС-ын гэнэтийн дайралт, Израилын хариу цохилт
10 дугаар сарын 7-ны өдөр ХАМАС тэргүүтэй Палестины зэвсэгт бүлэглэлүүд Газын зурвасаас Израил руу бөөн хүчээр гэнэт халдан довтолсон нь Израил төдийгүй Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байдаг бүс нутгийн улс орнууд, дэлхийн томоохон гүрнүүдийг шоконд оруулсан хэрэг байлаа.
ХАМАС бүлэглэл Израил руу 2200 гаруй пуужингаар харвасны дараа олон зуун байлдагчтай зэвсэгт отрядууд Израилын нутагт нэвтэрч, байлдааны зэвсэг техникүүдийг олзолжээ. Гэнэтийн дайралтад өртөн Израилын 1200 орчим иргэн амиа алдаж, 242 хүн барьцаалагдав. Энэ бол Холокостоос хойших еврейчүүдийг олноор нь хөнөөсөн хамгийн том хядлага, Палестины зүгээс хийсэн түүхэн дэх хамгийн том террорист халдлага байв.
Үүний хариуд Израилын засгийн газар 1973 оноос хойш анх удаа улс орондоо дайны байдал зарлаж, Газын зурвасын нутаг дэвсгэрт “Төмөр илд” гэдэг цэргийн ажиллагаа явуулж эхэллээ.
10.Сан байгуулах асуудлыг шийдсэн СОР28
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын талуудын 28 дугаар бага хурал (COP28) АНЭУ-ын Дубай хотноо 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд болж, дэлхийн 200 орчим орны 70 мянга гаруй төлөөлөгчид хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн тулгамдсан асуудал болох уур амьсгалын өөрчлөлтийг хэлэлцлээ.
Бага хурлын эхний өдөр хурлыг зохион байгуулагч АНЭУ-ын Ерөнхийлөгч шейх Мухаммед Бин Заид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд 30 тэрбум долларын “ALTÉRRA” сан байгуулсныг зарласан бол Европын Холбоо, Их Британи, АНУ болон бусад хөгжингүй орнууд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж буй ядуу буурай орнуудад туслах зорилгоор 420 сая долларын анхны хуримтлал бүхий “Алдагдал хохирлын сан”-г (Loss and damage fund) байгууллаа. Ингэснээр олон удаагийн СОP хурлуудын үеэр хэлэлцсээр ирсэн сан байгуулах асуудлыг шийдсэнээрээ СОP28 бүтээлч хурал болов.