ӨВӨРХАНГАЙ: Ж.Энхтуяа: Кимчинийхээ орц найрлагыг монгол хүмүүсийн амталгаанд тохируулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-03-01 14:12:38

Арвайхээр, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Ж.Энхтуяа гэр бүлийн хамт 2022 оны 11 дүгээр сараас эхлэн кимчиний үйлдвэр байгуулж, өдөрт 1000-2000 савлагааг гарган хэрэглэгчдэд хүргэж байна.


Тэрбээр 2011 оноос эхлэн өөрийн сонирхлоор кимчи дарж гэр бүлийнхээ хэрэгцээг хангадаг байсан бол химийн орц найрлагагүй, эрүүл органик, халуун ногоо багатай кимчигээ бусадтай ч хуваалцах хүслээр үйлдвэрээ байгуулжээ. “Төдийлөн халуун ногоотой хоол хүнс хэрэглэж чаддаггүй монгол хүмүүсийн амталгаагаар орц найрлагыг тохируулж, органик байдлаар үйлдвэрлэдэг учраас богино хугацаанд олон хэрэглэгчтэй болсон” гэж байлаа.



“Арвин” кимчиг 200, 300, 500 граммын савлагаагаар Өвөрхангай, Баянхонгор аймаг, Улаанбаатар хотын хэрэглэгчдэд нийлүүлж байгаа юм.


Түүний зэрэгцээ ажил ихтэй, цаг зав багатай эзэгтэй нарт зориулж, ажлыг нь хөнгөвчлөх үүднээс чинжүү, бууцай, юуцай, шанцай, саримсны гол, байцаа гэхчлэн хүнсний нарийн ногоог жижиг савлагаагаар худалдаж байна. Органик хүнсний ногоо халуун орчинд байснаар хурдан ялзарч мууддаг учраас зөв технологиор хөлдөөж удаан хэрэглэх боломжтой аж. Түүхий эдээ өөрсдөө тарьж ургуулахын тулд өнгөрсөн жил багавтар ногоо тариалсан, энэ жилээс өргөжүүлнэ гэв.



Мөн гурван сарын өмнөөс өөрийн гараар татсан бууз, баншийг худалдаанд гаргаж, өдөрт 40-50 кг-ыг үйлдвэрлэж, дэлгүүрүүдээр худалдан борлуулж байна. Өөх тос, давс багатай, зөвхөн сонгино, саримсаар амталсан бууз хэдийнэ хэрэглэгчдээ олжээ.


Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жилийн хүрээнд хүн амыг органик хүнсний бүтээгдэхүүнээр хангахад санаачилга гарган ажиллаж, “Шилдэг үйлдвэрлэгч”-ээр шалгарсан “Арвин” кимчиний үйлдвэр нь Арвайхээр сумын 13 дугаар багт үйл ажиллагаагаа явуулж байна. 

Связанные новости