Л.Пүрэвлхам: Хувь хүн өөрт хадгалагдаж буй үнэт өвийг тоолуулах үүрэгтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26.1-т заасны дагуу Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын үзлэг тооллого 9 дүгээр сараас 12 сар дуустал улс, орон даяар өрнөж байна. Сайдын тушаал, салбарын удирдамжийн дагуу аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн А/560 дугаар захирамжаар тооллогын салбар комиссыг байгуулж, сүм хийд, музейн үзмэр, эд өлгийн зүйлийг тоолсон юм. Энэ талаар аймгийн СУАЖГ-ын Соёл урлагийн хэлтсийн дарга, Соёл, судлалын ухааны доктор (Ph.D) Л. Пүрэвлхамаас тодрууллаа.
-Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд юуг хамааруулж ойлгох вэ?
-Түүх, соёлын өвийг хөдлөх, үл хөдлөх
хэмээн ангилдаг. Хөдлөх өвд хүний гар дээрх болон музейд хадгалагдаж байгаа
үзмэр, эд өлгийн зүйл ордог. Түүх, соёлын өв нь тухайн үндэстний соёл
иргэншлийн болоод оршихуйн баримт юм. Тийм учраас түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого
маш чухал.
Соёлын өвийг хамгаална гэхээр нэг хүнээс нөгөө юмыг харамлах тухай ойлгоод байдаг. Гэтэл энэ бол цогц тогтолцоо юм. Утга, агуулга, үнэ цэнийг ойлгох, бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, эрсдэлээс хамгаалах, судалж сурвалжлах, сурталчилж урамшуулах гэсэн зургаан нийлбэр ойлголтын хүрээнд соёлын өвийг хамгаалах ажлыг хийдэг.
Хуулийн дагуу түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг дөрвөн жил тутамд тоолох ба музей, орон нутаг судлах танхим, сүм хийдийн үзмэр, эд зүйлийг хамруулна. Энгийнээр хэлэхэд “Аавын минь хөөрөг жилийн өмнө авдранд байсан, одоо байна уу” гэж шалгаж үзэхийг хэлж буй юм.
Бид 10 сардаа багтаад сүм хийдүүд, аймгийн музей болон сумдын Орон нутаг судлах танхимын үзмэр, эд өлгийн зүйлийг тооллоо. Эрдэнэзуу музей нь олон төрлийн үзмэр, эд өлгийн зүйлтэй учраас бие даан тооллогыг зохион байгуулсан. Манай аймгийн хэмжээнд 22 байгууллагыг тооллогод хамруулж байна. Тооллогын дүнг нэгдсэн системд оруулснаар энэ ажил бүрэн гүйцэд хийж дуусна.

Түүх, соёлын үл хөдлөх дурсгал буюу зөөж
тээвэрлэх боломжгүй, археологийн дурсгалуудыг зургаан жил тутамд тоолдог. Мөн ард
түмний оюун санаагаар бүтсэн арга билиг, авьяас, мэдлэг туршлагын цогц ойлголт буюу
соёлын биет бус өвийг гурван
жил тутамд тоолно.
Энэ удаагийн тооллогод Эрдэнэзуу хийдийн 1824 дэсийн 7433, аймгийн музейн 1245 дэсийн 2553, Шанхын баруун хүрээний 668 дэсийн 3778, Төвхөн хийдийн 55 дэсийн 381, 18 сумын Орон нутаг судлах танхим, Ганданпунцоглин хийдийн 1416 дэсийн 1435 үзмэр, эд өлгийн зүйлийг хамрууллаа.
-Магадгүй, хувь хүмүүст түүх, соёлын чухал олдворууд хадгалагдаж байж болох юм. Эдгээрийг хэрхэн мэдэх боломжой вэ?

-Төрийн бус байгууллага болон хувь хүн өөрсдийн санаачилгаар өөрт хадгалагдаж буй үнэт өвийг тоолуулах үүрэгтэй. 2012 онд Хархорин сум дахь Шанхын баруун хийд анх санаачилга гаргаж, 3000 гаруй шүтээн, эд өлгийн зүйлийг тооллогод хамруулж байсан. Улсад анхдагч болсон энэ санаачилгад үндэслээд Төвхөн хийд, Бат-Эрдэнэзуу хийд, буддын шашны төв Гандантэгчинлэн хийд шүтээн, эд өлгийн зүйлээ тоолуулж байсан.
-Түүх, соёлын дурсгалын хадгалалт, хамгаалалт хэр байв.
Тооллогоор ямар нэг зөрчил илэрсэн үү?
-Төвхөн, Шанхын баруун хүрээ, Эрдэнэзуу хийдийн хөдлөх болон үл хөдлөх дурсгалт зүйлсийн хадгалалт, хамгаалалтын талаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж, Япон улсын Судалгаа, шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол-Японы соёлын өвийн симпозиумыг 2024 онд зохион байгуулж, түүх, соёлын өвийг хамгаалах чиглэлээр олон талын хэлэлцүүлгийг өрнүүлсэн.
Түүх, соёлын өв нь улс орны оршин тогтнохуйн баталгаа, миний юм, манай юм, өвгөдийн минь үнэт зүйл гэсэн хандлага, сэтгэлгээ суучих юм бол хулгайлах, бусниулах асуудал үүсэхгүй, эрсдэлээс хамгаалах ч шаардлагагүй болно шүү дээ.
Тооллогын үеэр зарим нэг зөрчил дутагдал, анхаарах асуудал гарсан. Өвийг хадгалж, хамгаалах орчин нөхцөл стандарт бус байна. Арчилгаа, тордолгоо, сэргээн засварлалт учир дутагдалтай, үзмэрийг зөөж тээвэрлэхдээ гэмтээх, алга болгох, үгүйлэхгүй байх гэхчлэн зөрчлүүд байсан. Эдгээр нь сумдын Соёлын төвүүд мэргэжлийн соёлын өвийн ажилтан байх шаардлагатайг харуулж байна.
-Орон нутаг судлах танхим /ОНСТ/-уудад анхаарал татахуйц онцлог үзмэрүүд бий юу?
-Орон нутаг судлах танхимуудад музейн хэмжээний үзмэрүүд олон байдаг. Шанхын баруун хүрээнд Өндөр гэгээний өөрийн мутрын бүтээлүүд, Богд Хаант Монгол Улсын анхны төрийн туг гэхчлэн 19 хосгүй үнэт өв байна.
Есөнзүйл сумын ОНСТ-д нутгийн уугуул, зураач С.Чулуунбаатар ахын санаачилгаар “Бурхан бумбын орон” уран зургийн галерейг байгуулж, мэргэжлийн зураачдын уран зураг, судалгааны бүтээлүүдийг тавьсан байдаг. Мөн Хайрхандулаан суманд “Шамбалын орон” гээд уран зургийн танхим байгуулсан.
Бүрд сумын Соёлын төв угсаатны зүй талаасаа баялаг үзмэртэй. 161 дэсийн 200 гаруй үзмэр байдаг. 17, 19 дүгээр зууны буддын шашны лам нарын язгуур малгай, эхнэр дээл, үндсэн тагш хэд хэдээрээ байна. Харин эдгээрийг музейн стандартад нийцсэн өрөөнд хадгалах, сэргээн засварлах шаардлагатай байгаа.

Төгрөг сумын ОНСТ-д 1945 оны чөлөөлөх
дайнд гарамгай гавьяа байгуулсан Л.Аюуш баатрын гэгээн дурсгалд зориулсан,
тухайн үеийн байлдааны эдлэл хэрэглэл, зэвсэг, зураг, өөрийнх нь хэрэглэж
байсан тагш зэрэг эд, үзмэрүүд бий. Манай говиос олддог эртний тарбозавр, үлэг
гүрвэлийн чулуужсан яс, өндөг зэргийг говийн сумдын ОНСТ-д хадгалж байна.
Энэ мэтээр сумдад түүх, соёлын дурсгалууд олон байдаг учраас онцлогт нь тохируулж хөгжүүлэх ёстой гэсэн дүгнэлтийг ажлын багаас гаргаад байгаа. 2007 онд зургаан сум ОНСТ-тай байсан бол одоо бүх суманд бий.
-Иргэд өөрт хадгалж буй түүхэн дурсгалт зүйлийг авчирч өгөх боломжтой юу?
-Байгаль, соёлын өвийг ихэнхдээ иргэд авчирч өгдөг. Чулуужсан мод, эртний нүүдэлчдийн багаж зэвсэг гэхчлэн олсон зүйлээ авчирч өгөхөөс гадна төр, нийгмийн зүтгэлтнүүдийн үр удам нь нэрэмжит танхим байгуулахаар эдэлж хэрэглэж байсан эд зүйл, хувцас зэргийг нь авчирч өгдөг. Ерөнхийдөө иргэдийн хандив, санаачилгаар л ОНСТ-ыг баяжуулж байна.
Связанные новости
Ulaanbaatar