Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-03-13 09:48:34

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. 2024 оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр эхэллээ.


Гурван өдрийн турш үргэлжлэх тус шалгалтыг нийслэлд Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулж байгаа юм.


Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн ээлжит ерөнхий шалгалтыг нээж хэлсэн үгэндээ, “2023 онд нийт 16085 иргэн ерөнхий шалгалтад оролцож 5212 буюу 41.1 хувь нь тэнцсэн. Энэ нь өмнөх жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Шалгалтаас шалгалт, жилээс жилд амжилт гаргаж байгаа иргэдийн тоо өсөн нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй, ухаалаг төрийн албыг Монгол Улсдаа илүү төлөвшүүлэх зорилгоор ажиллаж буй бидэнтэй хамтран зүтгэхээр, төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэхэд оролцохоор өнөөдөр шалгалт өгөхөөр хүрэлцэн ирсэн та бүхэнд амжилт хүсье. Шалгалтын дүнд хөндлөнгийн нөлөөлөл байхгүй, дүн нь хэн нэгнээс биш зөвхөн танаас, өөрөөс хамаарах тул хэн илүү сайн хичээж, уншиж, судалсан нь амжилт гаргана” гэлээ.


Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсон. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиносон, цаг хугацаа хэмнэх боломжтой болж байгаа бөгөөд төрийн албаны шалгалт өгөх иргэдийн идэвх ч мөн нэмэгдэж буйг зохион байгуулагчид онцолсон юм.


Өнгөрсөн онд нийт 16 мянга гаруй хүн Төрийн албаны ерөнхий шалтгалт өгснөөс 5212 нь тэнцжээ.




Связанные новости