“Өвсний үндэс буцалтгүй тусламж" хөтөлбөрийн 603 дахь төслийг хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх “Өвсний үндэс буцалтгүй тусламж" хөтөлбөрийн 603 дахь төслийн гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Игавахара Масарү, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нар гарын үсэг зурлаа.
Энэ нь дээрх хөтөлбөрийн
хүрээнд Говь-Алтай аймагт хэрэгжих 20 дахь төсөл бөгөөд Говь-Алтай аймгийн Есөнбулаг
суманд Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийн барилга
барих юм. Төслийн санхүүжилт нь 203 мянган ам.доллар юм. Одоо үйлчилгээ үзүүлж
буй төв нь зай талбайн багтаамж хүрэлцээгүйн улмаас үйлчилгээ үзүүлэхэд
хүндрэлтэй учирдаг. Шинэ төвтэй болсноор гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэд
хувийн нууцыг чандлан хамгаалсан, аюулгүй орчинд тусламж, үйлчилгээ авах боломж
бүрдэнэ.
Японы ард түмний
халуун сэтгэл шингэсэн төслийг чанартай, үр дүнтэй зохион байгуулан, хяналт
тавьж, барилгыг ашиглалтад оруулсны дараа ариг гамтай ашиглахыг Элчин сайд Игавахара
Масарү хүсэв. Тэрбээр, Говь-Алтай аймаг нь нэн ховор мазаалай баавгай, хавтгай
зэрэг амьтдад идээшилдэг, онгон зэрлэг байгальтай гэж сонссон, цаашид улам
хөгжинө гэж итгэж байна хэмээсэн юм.
Засаг дарга
О.Амгаланбаатар, “Говь-Алтай аймгийнхан цас зудыг даван туулах, хүүхэд хамгаалал,
гэр бүлийн хүчирхийлэл, гэрээсээ дайжсан хүүхдэд тусламж дэмжлэг болж байгаад
Японы Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлээд, шинэ байрыг ашиглалтад
оруулж, ажлын үр дүнг цаг тухай бүрд тайлагнах болно” хэмээсэн юм.