Бүх малаа зудад алдсан 342 малчин өрх байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-19 14:03:13

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссоос зудын эрсдэл болон цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ өглөө.


УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү ярихдаа “20 аймгийн 216 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилт хүндэрсэн. Энэ үнэлгээ маргааш дахин шинэчлэгдэнэ. Гуравдугаар сарын эхний 10 хоногийн байдлаар нийт нутгийн 63 хувь цасан бүрхүүлтэй, 37 хувь нь цасгүй байна. Улсын хэмжээнд 4.7 сая мал хорогдсон. Үүнээс Сүхбаатар аймагт 1.3 сая, Хэнтийд 636 мянга,  Дорноговьд 432 мянга, Архангайд 418 мянга, Төв аймагт 351 мянга, Дундговьд 202 мянган толгой мал хорогдсон дүн гарсан. Улсын хэмжээнд 70 буюу түүнээс дээш хувиар мал нь хорогдсон 2257 өрх байна гэсэн судалгаа гарсан. Бүх малаа алдсан 342 өрх байна” гэв.

 

Өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчний анги нэгтгэлээс Баян-Өлгий, Булган, Дорноговь, Төв, Дорнод, Сүхбаатар аймгийн 19 суманд 25 техник хэрэгсэл, 274 албан хаагч ажиллаж байна. Хоёрдугаар сарын 27-ноос хойш өнөөдрийг хүртэл 502 өрхийн гэр, хашааг цаснаас гаргаж, 201 өрхийг нүүлгэн шилжүүлжээ.


Хаваржилт хүндэрсэн аймгийн онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангиуд гуравдугаар сарын 18-нд 167 малчин иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ, 786 малчин өрхөд хоол, хүнсний тусламж үзүүлсэн бол 248 малчин өрхөд өвс, 356 өрхөд тэжээл хүргэсэн байна.


Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 126216 км замыг цэвэрлэснийг албаныхан хэллээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар 14 аймаг 9965 тонн тэжээлийн будаа авах гэрээ байгуулснаас 7010 тонн улаан буудайг татан авчээ. Малчдад туслах ажлын хүрээнд 3.37 тэрбум төгрөгийн мөнгөн хандив болон 811 сая төгрөгийн үнэ бүхий бараа материалын дэмжлэг УОК-т ирүүлсэн байна. 

Связанные новости