Зуслангийн бүсэд ус их тогтдог байршлуудад усны хаялга суурилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Чингэлтэй дүүргийн удирдлагууд зуслангийн бүс дэх шар усны үер буух эрсдэлтэй, ус их тогтдог байршлуудад ажиллажээ.
Тодруулбал, тус дүүргийн 19 дүгээр хороо буюу Ар согоот, ерөнхий боловсролын 117 дугаар сургууль орчмын авто зам ус зайлуулах шугам, хаялгагүйн улмаас байнга ус тогтож, авто болон явган хүний замд эвдрэл ихээр үүсэж байгаа юм. Иймд тухайн байршлуудад өрөмдлөг хийж, усны хаялгын систем суурилуулахаар болсон байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
Захирагч Х.Нямбаатар ярихдаа “Улаанбаатар хотын хатуу хучилттай 1250 км орчим
авто замын 216 км нь усны хаялгатай, үлдсэнд нь байхгүй. Тиймээс хамгийн их ус
тогтдог байршлуудад эргэлтэт өрөмдлөг хийж усны хаялга суурилуулах шийдэл
гарган, Геодези, усны барилга, байгууламжийн газраас ажлын даалгаврыг
боловсруулж байна. Нэгэнт шар усны үерийн эрсдэл бий болсон тул цаг алдалгүй
энэ долоо хоногийн амралтын өдрөөс эхлэн өрөмдөж эхлэх төлөвлөгөөтэй байгаа.
Мөн ус зайлуулах худаг хийнэ. Усны хаялга, ус зайлуулах худаг хийвэл авто болон
явган замын насжилт уртсаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад үүсэхгүй болно”
гэв.