Хорогдсон малын тоо 5.2 сая давж, малгүй болсон өрхийн тоо 380-д хүрэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Улсын онцгой комисоос долоо хоног тутамд зудын нөхцөл байдал, хаваржилтын талаар мэдээлэл өгч байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр ээлжит мэдээллээ өглөө. УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Энэ сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд 5.2 сая мал зүй бусаар хорогдсон. Малчид зорчих боломжгүй хилийн зурваст 5400 орчим бод мал бөөгнөрсөн байна. Улсын хэмжээнд хамгийн их хорогдолтой аймаг нь Сүхбаатар аймаг байна. Нийт 2728 өрх 70 болон түүнээс дээш хувиар малаа алдсан. 380 өрх 100 хувь малгүй болсон гэсэн дүн мэдээ гарлаа. Тиймээс эдгээр айлыг малжуулах, төсөл хөтөлбөрт хамруулах гэх мэт дараагийн ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.
Малчдад туслахаар 3.3 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, 809 сая төгрөгийн эд материалын хандив цугласан. Эдгээрийг аймаг, орон нутагт хуваарилан хүргүүллээ. Гадаадын орнуудаас 3.6 сая ам.долларын тусламж ирүүлснийг долоон аймгийн 60 сумын 174930 малчин өрхөд хүргэх ажлыг зохион байгуулж байна. ОХУ-аас буцалтгүй тусламжаар 8500 тонн тэжээлийн улаанбуудай олгохоор шийдвэрлэж, татан авах ажил үргэлжилсээр. Өчигдөр 733.6 тонн улаанбуудай ирсэн бөгөөд Сэлэнгэ аймаг дахь агуулахаас Өвөрхангай, Архангай, Булган, Өмнөговь аймаг татан авлаа” гэв.
Тэгвэл Ус цаг уур, орчны
шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг “Энэ сарын 20-ны байдлаар
нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна. Өнгөрсөн 10 хоногт 10 хувиар буурсан
үзүүлэлттэй байгаа. Цаашдын цаг агаарын төлөв танилцуулахад, өнөөдөр баруун, төв, зүүн
аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд
Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд
хэсгээр, 26-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,
Дарьгангын тал нутгаар, 27-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх
голын хөндийгөөр, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд
зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна” гэлээ.