Сургуулийн өмнөх насны хүүхдэд чиглэсэн төсөл хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Японы төрийн бус байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” буцалтгүй тусламжийн төслийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Тоёда Мицүаки нар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд өнөөдөр гарын үсэг зурав.
Японы Хүүхдийг ивээх сан гурван жилийн хугацаанд Япон Улсын ТББ-тай хамтран энэхүү буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлж, Улаанбаатар хот, Өвөрхангай, Ховд аймагт хүүхдийг боловсролд тэгш хамруулахаар дэмжин ажиллаж ирсэн. Энэ удаагийн төсөл сургуулийн өмнөх бага насны хүүхдэд чиглэсэн бөгөөд тухайн насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн эрт үеийн илрүүлэг, оролцоог хангахын тулд эрүүл мэндийн төвүүд ба цэцэрлэгийн барилга байгууламжийн орчин болон хүний нөөцийн чадавхыг сайжруулна.
2024 оны 3 дугаар сарын 30-наас 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн дүн нь 620,302 ам.доллар юм.
Японы ТББ-тай хамтран хэрэгжүүлдэг буцалтгүй тусламж гэдэг нь Хөгжиж буй улс орнууд болон бүс нутагт Японы Олон Улсын хамтын ажиллагааны ТББ-аас хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд Япон Улсын Засгийн газраас санхүүжилт олгодог тогтолцоо юм.