Шар усны үер буух эрсдэлээс сэрэмжлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 1/МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас эрчимтэй хайлснаар гэр хорооллын зарим хорооны нутаг дэвсгэрт гудамж талбай усанд автах, шар усны үер буух эрсдэл өндөр байна.
Үүнтэй холбоотой есөн дүүргийн 59 хорооны 28,074 айл өрхөд шар усны үерээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт сэрэмжлүүлэг хүргэжээ.
Өндөр уулын ам, гол устай ойр суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цас, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн, сэргээж шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сэрэмжлүүлж байна. Мөн үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу, голын голдирлыг өөрчлөхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрний мөсөн дээр тоглуулахгүй байх, зөвшөөрөгдсөн зам гүүрээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг анхаарууллаа.