Бельги, Люксембург, Нидерландын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бельгийн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бруно Анжелет, Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Роланд Рейланд, Нидерландын Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андре Хаспелс нартай уулзлаа.
Элчин сайд нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барих
юм.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар
хотын Захирагч Х.Нямбаатар “Монголчууд нүүдлийн ёс заншилтай учраас Улаанбаатар
хот бол харьцангуй хожуу байгуулагдсан
шинэ хот. 1954 онд хийсэн анхны
ерөнхий төлөвлөгөөгөөр Улаанбаатар хот 600 мянган хүн амтай байхаар тооцсон ч өдгөө 1.7 сая хүн амьдарч
байна. Энэ төвлөрөл, нягтрал нь замын хөдөлгөөний түгжрэл, агаарын бохирдол гэх
мэт асуудлын эх үндэс болдог.
Мөн өнөөгийн нөхцөлд үерийн барилга байгууламж нэмэх нь чухал болоод байна.
Иймд нийслэлээс дэд бүтэц, бусад томоохон бүтээн байгуулалтад олон улсын
байгууллага, гадаад түншүүдтэй хамтран ажиллахад таатай байх болно” хэмээв.
Элчин сайд нар Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон төсөл
буюу метроны бүтээн байгуулалт, түүний санхүүжилт, ногоон эдийн засаг болон
сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар асууж,
мэдээлэл авсныг НЗДТГ-ын ХМОНХХ
мэдээллээ.