ДУНДГОВЬ: Бүх нийтээр тогтмол цагт чөлөөт бүжиг сурангаа идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-03 15:10:23
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. “Энэ жилдээ-Эрүүл жиндээ-2” аяны хүрээнд бүх нийтээр чөлөөт бүжиг сурангаа идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх үйл ажиллагааг Сайнцагаан суманд зохион байгуулж байна.


Тодруулбал, тус аймгийн “Алтан өргөө” бүжгийн холбоо, “Говийн наран” бүжгийн клубээс аймгийн Биеийн тамир спортын газартай хамтран спортын төв зааланд 4 дүгээр сарын 1-нээс эхлэн ажлын өдрүүдэд 6.30-7.30 цагийн хооронд бүжгээр хичээллэж эхэллээ.


Нийт хүн амын 49,4 хувь буюу 2 хүн тутмын нэг нь илүүдэл жин ба таргалалттай болж, үүнээс үүдэн өвчин эмгэгтэй хүний тоо нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагаас тодорхойлжээ. Тиймээс ЭМЯ-наас зөв, зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжин, олон нийтийг эрүүл амьдралын хэв маягт уриалах, мэдлэг мэдээллээр хангах зорилгоор “Энэ жилдээ-Эрүүл жиндээ-2” аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.


Энэхүү үйл ажиллагааг тус аймагт хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа ба 2023 онд анхан шатны сургалт, өглөөний бүжгийн дасгалд оролцсон иргэдийн дунд “Бүжгээр эрүүлжье” нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээн зохион байгуулж байсан туршлагатай.


Ямар ч насны хүн дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр бие хөнгөрч, сэтгэл уужирч, бодол санаа цэгцэрдэг ба эрүүл, урт удаан амьдрахын нууц нь дасгал хөдөлгөөнд оршино гэдэг. Тиймээс аймгийн мэргэжлийн бүжгийн холбоо, клубийн бүжигчидтэй хамт өглөөний дасгал хийж, идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүлжихийг Эрүүл мэндийн газар, БТСГ-аас уриалжээ. 

Связанные новости