Хувийн хэвшилд зээл олгохоос гадна бизнесийн зөвлөх үйлчилгээг үзүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-04 13:14:21

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хувийн хэвшилд хамгийн том хөрөнгө оруулагчийн нэг нь Европын Сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) болжээ. Үүнийг тус банкнаас олгож буй зээлийн 90 гаруй хувь нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг дэмжихэд зориулж буйгаар харж болно гэж ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач хэлж байна. Тэрбээр МҮХАҮТ-д болсон бизнесийн уулзалт дээр ЕСБХБ-ны санхүүжилт болон зөвлөх үйлчилгээг танилцуулах үеэр ийнхүү мэдэгдсэн юм.


“Манай улсын хувийн хэвшлийн ААН-үүдэд хамгийн хэрэгцээтэй зүйл бол санхүүжилтийн талаарх мэдлэг, мэдээлэл байдаг. ЕСБХБ Монгол Улсын хувийн салбарт, тэр тусмаа ЖДҮ эрхлэгч бизнесийг хөгжүүлэхэд томоохон хөрөнгө оруулсан. Монголын бизнесийн олон байгууллага тус банкнаас зээлийн санхүүжилт аван дараагийн шатанд гарсан” гэж МҮХАҮТ-ын тэргүүн Д.Энхтүвшин ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн мэдэгдлийг бататган хэллээ.

Тэрбээр, бизнес эрхлэгч нар үйл ажиллагаагаа өргөтгөх, шинээр бизнесээ эхлүүлэхэд санхүүгийн бүтээгдэхүүний хүртээмж тааруу байдаг. Олон улсын зээл, тусламж, төсөл хөтөлбөрт хамрагдах, ялангуяа бага хүүтэй, ногоон зээл, томоохон төслийн санхүүжилтийн талаарх мэдээллээр дутмаг. Энэ талаар бидэнд ханддаг” гэсэн юм.


Бизнесийн зээлийн санхүүжилт болон зөвлөх үйлчилгээг танилцуулах уулзалтад үйлдвэрлэл эрхлэгч, ЖДҮ-ийн бизнесийн төлөөлөл 120 гаруй хүн биечлэн болон цахимаар оролцлоо.


ЕСБХБ жижиг, дунд бизнесийн зээлийг санхүүжүүлэхээс гадна бизнесийг хөгжүүлж, өргөжүүлэх, дэмжих зорилготой төрөл бүрийн зөвлөгөө өгч байна. Зээл, санхүүжилтийг аль болох олон салбарт үр дүнтэй байдлаар ашиглах боломж бий. Уул уурхайн салбараас хэт хамаарах Монгол Улсын эдийн засгийг солонгоруулахад ЕСБХБ урт хугацаанд хамтран ажиллаж, дэмжих түнш нь байна хэмээн тус банкны суурин төлөөлөгч хэллээ.   


Тэрбээр, худалдаа, хүнс үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, уул уурхай, байгалийн баялаг, дэд бүтэц, мэдээлэл холбоо, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулсан төслүүдээ танилцуулж, жижиг дунд бизнесийн зөвлөх үйлчилгээний хүрээнд үзүүлэх грант, дэмжлэгийн хувь, шалгуур үзүүлэлт, зөвлөх үйлчилгээний чиглэлийн талаар мэдээлсэн юм.


 

Связанные новости