“Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” сарын аян эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-09 11:10:13

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр“ болгон тэмдэглэдэг.


Энэ жилийн сарын аяныг "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор тэмдэглэхээр өчигдөр нээв. Манай улс 2012 оноос хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг өрнүүлж, хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай.


Манай улсад сүүлийн 5 жилийн байдлаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 1749 тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 408 тохиолдол бүртгэгдэн, 57 хүн нас барсан байна. Тодруулбал, уул уурхай, олборлолтын салбарт 103, тээвэр, агуулахын үйл ажиллагааны улмаас 41, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 39, үйлчилгээ бусад үйл ажиллагааны улмаас 38, төрийн удирдлага, батлан хамгаалах, албан журмын нийгмийн хамгаалалын салбарт 37, хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагаанаас үүдсэн 30, барилгын салбарт 28 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр салбар нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 316 буюу 77.4 хувийг эзэлж байна.


Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгт өнгөрсөн онд 2593 өвчтөн мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр ханджээ. Энэ онд шинээр 60 иргэн мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр оношлогдоод байгаа ажээ. Уул, уурхай олборлолт, барилга, цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарт хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн энэ онд мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих өвчний 1333 тохиолдол бүртгэгдээд байгааг ХНХЯ мэдээллээ.


Сарын аян нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй хөдөлмөр эрхлэх боломж бий болгох, ажлын байран дахь осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой. Иймд байгалийн гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчинд хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах үйл ажиллагааг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах юм.

 

Связанные новости