БАЯНХОНГОР: “Эмчийн өрөөний тохижилт” төслийн хүрээнд 21 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-17 12:20:45

Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын Эрдэм сургуулийн эмчийн өрөөнд стандарт тохижилт хийжээ. Тус сургууль 1276 сурагч, 100 багш, ажилтантай бөгөөд эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг эрүүл, аюулгүй орчинд хүртэх боломжтой болж байна.


"Гүүд Нэйборс" ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар нь "Барловорлд Монголиа" ХХК-тай хамтран “Эмчийн өрөөний тохижилт” төслийн хүрээнд 21 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус өрөөг орчин үеийн стандартад нийцүүлж иж бүрэн тохижилуулснаас гадна эм, эмнэлгийн багаж хэрэгслийг мөн хүлээлгэн өгсөн байна.


Эмнэлгийн өрөө хүлээлгэн өгөх үйл ажиллагааны хүрээнд сургуулийн сурагч болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдын хүүхдийн эрх, эрүүл мэндийн боловсролын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх “Good day” өдөрлөгийг зохион байгуулжээ. Мөн үеэр, бага ангийн сурагчдад “Хүүхдийн эрх хамгаалал” хүүхэлдэйн жүжиг, “Миний хөөрхөн шүдний аялал” амны хөндийн эрүүл ахуйн сургалт, дунд болон ахлах ангийн сурагчдад Нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалт, "Тогтвортой хөгжлийн бодлого-Уур амьсгалын өөрчлөлт" сургалт, эцэг эх, асран хамгаалагчдад “Сайн эцэг эх” сургалтуудыг зохион явуулж, 500 гаруй эцэг эх, асран хамгаалагч, 800 гаруй сурагч оролцов.

Связанные новости