БАЯНХОНГОР: Мялаалга наадам, “Хонгорын шигшмэл хурд” уралдааныг ирэх сард зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол түмний язгуур өв соёл, үндэсний дархлаа, бахархлын илэрхийлэл үндэсний их баяр наадмын түүхэнд мөнхөлсөн цолтнуудад хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам, “Хонгорын шигшмэл хурд” уралдааныг наймдугаар сарын 12, 13-нд Дуурсахын хөндийд зохион байгуулахаар товлолоо.
Наадмын ерөнхий зохион байгуулагчаар Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ ажиллах бол аймгийн Үндэсний бөхийн холбоо, "Хонгорын хурд" МСУХ, Сурын холбоо, Шагайн холбоо хамтран зохион байгуулагчаар ажиллана.
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадамд,
- Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Улсын начин Энхтүвшингийн Батмагнай 76 жилийн дараа Хонгор нутагтаа Монгол бөхийн түрүүг авч ирж, Монгол Улсын арслан цол
- Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, МУАУ уяач И.Золбоогийн хүрэн халзан хурдан азарганы түрүү магнай
- Баян-Овоо сумын харьяат МУТМУ Ц.Энхтайваны хул морь хурдан их насны айраг
- Баянлиг сумын харваач Б.Баянмөнх үндэсний сурын харваанд дэд байр эзэлж Монгол Улсын Гарамгай харваач цол
- Номундалай сургуулийн сурагч Д.Анхбаяр өсвөрийн харваанд түрүүлж Улсын Идэр мэргэн цол
- Үндэсний шагайн харвааны багийн төрөлд Жаргалант сумын Шагай харваачид 3 дугаар байр
- Номундалай сургуулийн сурагч Д.Бүжинлхам дунд насны охидын харваанд 1 дүгээр байр
- Соого сейко сургуулийн сурагч Т.Насанжаргал дунд насны охидын харвааны 2 дугаар байр
- Баян-Ойт сургуулийн сурагч Ц.Мишээл, Н.Оюунтүлхүүр нар бага насны охидын харвааны төрөлд 3, 5 дугаар байранд тус тус шалгарсан юм.