Монгол, Австрийн худалдааны эргэлт 65.4 сая ам.долларт хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-25 17:42:18

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол, Австри улсын хоорондох худалдааны эргэлт 2022 онд 43.5 сая ам.доллар байсан бол өнгөрсөн оны байдлаар 65.4 сая ам.долларт хүрч 150 хувиар өсжээ.

Гэхдээ Монгол Улсаас гарсан экспортын дүн 6.1 саяас 3.3 сая ам.доллар болж буурсан байна. Энэ нь манай улсаас гарах экспортын тоо хэмжээ, төрөл зүйлийг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд худалдааны тэнцлийг ойртуулах шаардлагатайг харуулж байгааг өнөөдөр болсон хоёр орны бизнес форумын үеэр хөндөгдөж байв.


Австри улсын Холбооны эдийн засгийн танхимаас зохион байгуулсан форумд Монголын талаас 40 гаруй компанийн төлөөлөл оролцсон бол Австрийн талаас эмнэлгийн тоног төхөөрөмж, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, систем, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, сав баглаа, цаас, мод, төмөр үйлдвэрлэл, нийлүүлэлт, бүх төрлийн тайз угсралт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг томоохон компаниудын төлөөлөл ирж хоёр улсын бизнес, худалдааны боломжуудын талаар санал солилцлоо.

Форумын үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Австрийн Холбооны эдийн засгийн Танхимын дэд ерөнхийлөгч Филипп Гади нар “МҮХАҮТ, Австри улсын Холбооны эдийн засгийн танхим хооронд хамтран ажиллах санамж бичиг” үзэглэв.


Австрийн Холбооны эдийн засгийн Танхимын дэд ерөнхийлөгч Филипп Гади хэлэхдээ “Хоёр улсын эдийн засгийн харилцаа сайжирсаар байгааг статистик нотолно. 2010 он 4.4 сая еврогоор үнэлэгдэж байсан хоёр талын худалдаа 2023 онд 42 сая евро болжээ. Цар тахал, геополитикийн асуудлууд дэлхий нийтэд хүндрэл учруулсаар байгаа ч бидний тогтвортой хамтын ажиллагаа батжиж, харилцан ашигтай байна. МҮХАҮТ олон жилийн турш Австрийн эдийн засгийн итгэлт түншүүдийн нэг байсаар ирсэн. Манай Бизнес форумын 15 жилийн ой тохиож байгаа энэ жил Хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн үзэглэж байгаадаа баяртай байна” гэлээ.

 

Связанные новости